Wednesday, July 30, 2008

Тийм ээ уяач байсан юм. . .

Морь уралдаж байгаа бичлэг харсан хуучны нэгэн дурсамж сэргэчлээ. . .
Зун болоод хичээл дуусхаар л хөдөө хамаг юм аа чирээд л явдаг байж билээ.
Одоогоос есөн жилийн өмнө. Тэр жил анх удаагаа "Боржигон-99" гэдэг наадам одоогийн Говьсүмбэр аймагт анх зохиогдсон юм. Тэр наадам энэ наадмын хамгийн эхний наадам байсан юм даа. Хар багаасаа морь унах дурандаа хөтлөгдөж морь унаж сураад айлын уяа дамжин, хурдан морь унадаг байлаа.
Тэр жилийн наадам одоо хэр нь зүрхнээс гардаггүй юм. Өөрийнхөө сумнаас гараад 270 км газар морь хөтлөөд 16 хоног явж байсан санагддаг юм. Одоо ингээд харж байхад хамгийн гол зүйл нь наадам гэхээсээ илүү тэр морь хөтөлж явдаг аялал нь хамгийн сайхан нь байж дээ. Тэр үед чинь манай аймгийн уяачид морь ачна гэдэг ойлголтгүй байлаа шүү дээ.
Өчнөөн хоног явж Говьсүмбэрт ирсэн юм. Үнэхээр гандуу байсан. Маш их тоос шороотой. ус нь ховор наадам болсон. Наадмын урд орой нь асман харцуул (Ер нь бол моринд хүнддэх, уяачны туслахуудыг тэгж нэрлэдэг л дээ) морь манаж хондог юм. Яг ид сайхан нойрон дунд л морьдоо цагаар нь идүүлээд л уяах ёстой л доо. Азрагнаас эхлэнэ. Надад азаар их нас оногдсон юм. Тэгээд яахав сайхан унтаж байсан нөгөө цагтаа л дуудлаа. Босоод бие нь явж байгаа ч сэтгэл нь унтсан хэвээрээ. Морио хөтлөөд гарах гэсэн ах за майхан чинь тэр байна гээд харанхуйд зааж өглөө. Нэг мэдсэн нүд анилдаад хэсэг унтчиж морин дээрээ. Тэгээд л морио яахав уяан дээрээ уячихаад майхандаа ороод унтах гэсэн чинь нэг л бишээ. Манай майхнаас арай өөр. Хажуу майханд орж гэж бодоод л нөгөө майханд очлоо бас биш. Бүр эргүүтэж эхэллээ. Тэгсэн чинь өөр уяан дээр очоод морио уяад буусан байдаг байгаа. Хэ хэ.
Буцаж очоод морио бариад, эмээллээд их морио хөтлөөд яваад байсан майхнаа олдоггүй ээ. Үгүй мөн их эрж билээ. Азаар харин ах хойноос ирж олж билээ. Наадмын талбай орчихсон явж байсан байгаа юм даа хэ хэ. Тэр наадмаар манай уясан азрагнууд их хурдан байсан юм. Манай уяачид нийлээд нэг гал болоод хөдөлсөн юм.
Азрагны уралдаан дээр нэг сонин зүйл болсон юм. Тэр нь азрага эргээд тархинд манай хэд гарч ирсэн байгаа юм. Тэгсэн одоогийн нэг алдарт хэн ч билээ дээ нэг уяачийн хонгор азрага хүүхэдгүй явж л дээ. Тэгсэн машинаас наад азрагаа бариад ав гэсэн байгаа юм манай хөдөөний гэнэн хүүхдүүд нөгөөхийг нь бариад аваачиж өгсөн байвал яахуу. Тэгээд хөөж уралдаад 7 орсон. Нэг нь айргийн тавд орсон юм даа.
За даа тэр жилээс хойш дахиж нэг ч удаа морь уясангүй дээ. Сайхан олон наадмын дурсамж сэргэж байна шүү гэж. . . Тийм ээ би уяач болох байсан юм гэж хэ хэ. Одоо ч тэгээд намайг морь уяж явсан гэхэд хэн ч итгэхгүй л дээ.
JD

Ургийн наадам

Сайн байна уу найзуудаа.
Ойрд онц сайхан зүйл бичсэнүй. Бас сонин сайхан дуулгасангүй ээ. Ажил ихтэй байгаад чадсангүй. За тэгээд ер энэ үгийг ч хүн болгон л хэлдэг дээ. Яс юман дээрээ ажилтай ч байсан юм уу үгүй ч юм уу гэж хэ хэ. За тэр яахав. Сонин гэвэл энэ жил би нэгэн жижигхэн бэсрэг наадам хийж байгаа юм аа. Тэр наадмын хамгийн гол давуу тал нь өөрийн гэсэн бүх ах дүүгээ мэдэх явдал байгаа юм. Ингэснээрээ хамгийн их яригдаад байгаа нөгөө харийн түрэмгийнүүдээс цусаа хамгаалах, үндэс угсаагаа мэдэх ач холбогдолтой (Тэгсэн чинь манай нэг хамаатан хужаатай суусан байвал яанаав за Тэгвэлтэр гэр бүлийг хасна аа. Яадаг юм тээ). Тэр наадам чинь тэгээд их хөөрхөн гэж байгаа. Хоёр насны морь уралдуулана. (Соёолон, хязаалан хоёр) Хэдэн бөх барилдана. За тэгээд олон арга хэмжээ болно доо.
Би бол дотроо ах дүү нартайгаа, ёстой зүс үзээгүй цусан төрөлтэйгээ уулзана гэсэн чинь үнэхээр сонин санагдаж байна. Очсон чинь урд нь үерхэж байсан охин энэ тэр хүрээд ирэх юм биш байгаадаа ха ха ха ха. За тэгвэл ч ёстой нэг нүүр хийх газаргүй болно. За бүр дотно харьцаатай байсан бол ёстой дуусаа гэж байгаа. Ийм учраас л ургийн наадам гэдэг хамгийн чухал зүйл байдаг юм байна аа найзуудаа. Хэрвээ надтай ийм зүйл тохиолдвол . . . болно оо. Юутай ч далимдуулаад сайхан амраад, хэдэн төгрөг үрээд ирье дээ.
Ирээд наадмын сонин сайхан бичнэ ээ. За.
JD

Wednesday, July 23, 2008

Төрийн сүлд минь өршөө

Наадмаар баахан хуушуурдаж байгаад хотод ирлээ. Гүүрний зүүн талаар нөгөө Энхтайвны гүүр штээ. Тэрүүгээр нилээн хурдтай гэрлэн дохиогоор амжиж гарах гээд л гишгэж байлаа. Арай амжсангүй ээ. Одоо бодход амжаагүй нь ч болж дээ. Тэгээд зогсоод урагшаа уулаа харж байсан чинь вов мангар том далбаа. Ээ төрийн сүлд минь өршөө гээд л дуу алдлаа штээ. Өнгөрсөн УИХ-ын гишүүн асан Эрдэнэбүрэн гишүүний санаачлагаар босгосон сурагтай. Сайхан зүйл сэтгэсэн байна билээ. Тэр далбаа шөнө гэрэл асаагаад салхитай байхад үнэхээр улсаа гэх сэтгэгдэл төрүүлж байсан шүү манайхаан.
Өөрт тань нэг уулзвал баяр хүргэнэ ээ. Хажуугаар нь өнгөрөх болгондоо төрийн сүлд өршөө гэж залбирч байгаа шүү.
JD

Sunday, July 13, 2008

Жинхэнэ наадам. . .

Хөдөлмөр хүнийг бий болгодог. . .

Одоогоос нэг сарын өмнө ссонгуулийн ажлаар Өвөрхангай явсан юм. Буцахдаа Дамба-Очир гэж хүний тендэрээр тавих ёстой замаа тавиагүйн гайгаар 130 км газар 4 цаг шавардаж явахдаа арга буюу хойд замаар хотруу орж ирсэн санагдана. Яг тэр үед морь барианы газар буюу Хүй долоон худгаар өнгөрөхдөө НОТ Чинжүүгийн Энхбаяртай марзагнаад нээрээ хуушаар хийх үү гээд баахан яриа болоод өнгөрсөн юм. Тэгсэн наадам дөхөөд ирсэн хашар харин зөвшөөрөл аваад ирдэг байгаа. Ингээд ёстой санаанд ороогүй байсан хүн чинь хуушуур хийх болоод гарч өглөө. Тогоо л гэнэ. Гэр л гэнэ. За ёстой нэг олон юмны эрэлд гарсан. Махаа хаанаас авхав гээд л тэгээд ярилцаж байгаад ерөөсөө ашиг энэ тэр нь ч яахав зүгээр л хийгээд үзье гэж бодоод эр хонь хоёрыг аваад тэгээд нөгөөхөө Дэнжийн мянгын Хүчит Шонхор дээр машиндуулаад, баахан хэрэгтэй гэсэн юм аа аваад муу ээжийгээ дүүтэйгээ дуудаад хуушуурчин болчихвоо.

2008 оны 7-р сарын 10-ний өдөр очоод хуушуураа хийсэн. Заа даа ёстой нэг гэртээ хуушуур хийж байгаа юм шиг л болсон доо хэ хэ. Гаднаа сүүдрэвч хийдэг юм байна. Тэрнийг нь төлөвлөөгүй очоод буцаж давхиад ногоон материал аваад машиндуулаад ирлээ. Тэгсэн чинь пүрүүс яагаав нөгөө мод байдаггүй ээ. Айлаас гуйлаа өгдөгийн биш ээ. Тэгсэн тэнд нэг ус зарж байсан залуугаас өглөө оройны хуушуур өгье гээд модыг нь аваад газар ухаж суулгаад, хоёр талд нь хөндлөн хадаж байгаад л нөгөө авчирсан даавуугаараа бутээгээд сүүдрэвч ок. Тэгсэн Энхбаяр хот орж хулдаасан хэвлэл хийлгэе гээд яршиг болоод. Би яахав за гээд л дагаж яваад Наадмын хуушуур 127-р гэр гээд л хийлгэж ирлээ. Тэр нээрээ их хэрэг болсон шүү.

Мэдээж та нар хэр зарагдсан бол гэж бодож байгаа байх. Эхний өдрөө дажгүй зарсан. Дараагийн өдрөө ч гэсэн. Харин сүүлийн өдөр соёолон ирдэг өдөр ёстой нэг алаан болсон штээ. Ээ бүү үзэгд. Гэрт орж ирж ойчирлоод. Би нээх мундаг дээлтэй очсон чинь нөгөөхөө тайлж байгаад хуушуур хийсэн гэж байгаа. Орж ирсэн хүмүүс таниад инээгээд л байсан.

Эхлээд цэмцэгнээд гурил зуурсан. Дараа мах базсан. Сүүлдээ байхгүй ээ. Бүгдийг нь хийлээ штээ. Гэхдээ нэг сайхан юм нь өөрийн гэсэн нэг жижигхэн бизнес тэнд хийсэн чинь ёстой нэг жаргалтай байсан.

Морь үзчихээд л хуушуур дээрээ гүйж ирээд л юу болж байна. Зарагдаж байна уу гээд л хэ хэ. Хүнд хэлвэл ч итгэхээргүй л юм болсон. Ирсэн хүмүүс ТВ-ийнхэн хуушуур хийж байна гээд яриад байсан хэ хэ. Манай найзууд хүртэл эхлээд тоглоод байна гэж бодсон гэсэн. Харин дараа нь ирж идээд явсан. Би гэхдээ үнэгүй өгөөгүй ээ. Зарсан хэ хэ.

За даа тэгээд хөдөлмөрлөнө гэдэг чинь жижигдэдгүй юм байна оо. Би нэг л зүйлийг сайн ойлгосон. Дараа ямар ч байсан хуушуур хийвэл алаад өгөх юм байна гэдгээ л ойлгосон. Хэ хэ.

За за тэгээд наадмын хувьд агаар сайхан, ногоо хур нь тэгширсэн сайхан наадам болсон шүү.

JD

Thursday, July 3, 2008

Хөөгөөд л бариад авахгүй дээ. . .

Өнөөдөр 2048 оны 7-р сарын 01. Орчин цагийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтэх өдөр.
Би тэр үед их залуухан байсан юм даа. Одоо бодход хамгийн оргил үе минь байж дээ. Тэр жил манай улс 5 дах удаагийнхаа Ардчилсан сонгуулийг хийсэн. Сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байсан өдөр юмдаг. Миний мэдэх олон хүн Ардчилсан намын төлөө саналаа өгөөд ялна гэдэгт нь итгэж байсан үе. Гэтэл үр дүн хараахан сансанаар нь болоогүй юм аа. Маргааш өдөр нь 12 цагт тэр үед ИХ намын дарга байсан Батзандан, Магнай гэх тэдний хамсаатан, БНН-ын дарга Жаргалсайхан нар сонгуулийн дүнг эсэргүүцэж олон нийтийг хамарсан хөдөлгөөн өрнүүлсэн юм. Гэтэл тэр хөдөлгөөн хэдхэн цагийн дотор удирдлагаас гарч анархизм болж хувирсан юм аа.
Анх удаагаа л нүдээрээ иргэний дайн үзсэн юм даа. Тэр үед ТВ үзээд сууж байхад дотроо харамсах сэтгэл төрж байсан юм. Тэнд олон залуу байсан. Тэд бүгд өөрсдийгөө зөв зүйлийн төлөө тэмцэж байгаа гэсэн сэтгэлтэй байсан. Аргагйү ч юм даа. Тэднийг хэн ч удирдаагүй юм. Тэд зүгээр харсанаа л, бодсоноо л хийж байсан.
Маш олон цагдаатай хүч тулан тэмцэж байлаа. Ингэж тэмцсээр харанхуй болсон. Харанхуй болоод Улаанбаатар хот даяар онцгой байдал зарлаад жинхэнэ аймшгийн дүр зураг бий болсон юм даа. (Хэсэг чимээгүй болов. Чичирсэн хоолойгоо аяга усаар чийглээд цааш нь ийнхүү өгүүлэв)
Шөнө нь ерөөсөө унтаж чадсангүй ээ. Учир нь бүх ТВ хаагдаад ганцхан ТВ-ээр дайны байдалтай мэдээ цацагдсаар. Өглөө эртлэн босоод ТВ-ээ нээлээ. Би юу үзэх нь энэ вэ. Хоёр эмч хоолойгоо чичрүүлэн ярьж байх юм.
Манай эмнэлэгийн хажуугаар хар машинтай хүн хэдэн залуусыг орилуулан хөөсөөр орж ирсэн. Тэд гэрэлтүүлээд буудсан. Эмнэлэгийн хаалгаар эхний хүн нь гүйж орж ирээд бидний гар дээр нас барсан. Төд удалгүй дараагийн залуу орж ирсэн. Мөн адил зүйл болсон. Яагаад вэ? Тэр хоёр залууг бусдын адил хөөж гүйцээд барьж аваад хорчиж болоогүй гэж үү.
Тэр үймээнээр гэмгүй 5 залуу амиа алдсан юм аа. Монгол ТВ-ээр амиа алдсан залуусын тухай биш харин шатсан байшин, алдагдсан хуурны тухай гаргаж байсан. Хайран сайхан хуур минь гээд уйлж байгаа нь ямар сэтгэл эмтэрмээр байсан гээч. тэр шатсан байшинг ч мөн адил хархад ямар сэтгэл эмтэрмээр байсан гээч. (Бухийн баас гэж) Тэр үед хүний аминаас илүү үнэтэй нь байшин байсан юм даа миний хүү. Одоо харин тэр үе түүх болон үлджээ.
Миний хүү санаж яв аминаас илүү эд гэж байдаггүй юм шүү.
Хүн хүн төрүүлдэг ч дахин нэг ижлийг үйлдвэрлэдэггүй юм. Харин байшинг, хувцасыг, хөгжмийг бол хэдээр нь бүр илүү сайныг ч хийж болдог юм шүү.
Үргэлжлэл бий. . .
JD