Monday, September 29, 2008

За байз тэд юу хийлээ. . . Аан хийсийн байна. . .

-Сонгох, эс сонгох эсэх нь таны эрх ч гэлээ ч та хотын хорт агаарт бөгшүүлэн, гэрийнхээ хаяанд хөглөрөх хогтой хөршлөн, шил шилээ даран сүндэрлэх төөрдөг байшингаар аялж, энхэл донхол замаар хараал урсган түгжрэн зогсохыг хүсвэл “үерхэлдээ үнэнч” байгаарай-

Сонгох, сонгогдох эрхтэй болсоор нийслэлчүүд нэлээд хугацааг ардаа үдлээ. Иргэдийн сонголтыг тээн эрх барьж байсан нийслэлийн удирдлагууд хотыг хэрхэн хөгжүүлэв. Улстөржсөн өнгө аястай сонсогдож байвал эгэл асуулт. Таны бодлоор Монгол Улсын ганцхан хот болон нийслэл Улаанбаатар хэрхэн хөгжиж байна?! Хэн нэгэн даргаас бус үүнийг уншигч нийслэлийн иргэн танаас асууя.
Олон давхар өндөр байшин барьж, өдрөөс өдөрт өнгө үзэмж нь сайжирч байна гэх дарга нарын жижүүрийн хариултыг хойш тавья. Өвлийн утаанд уушгаа утуулж, энхэл донхол замаар машиныхаа амортизатороо эвдсэн, хог нь хийсч нүүрэнд наалдчихдаг гудамжтай, нийтийн тээвэр суугаад хувцсаа халтартуулж, хоёр буудал газарт хорин минут, хоёр цаг явж байж хүрдэг замын түгжрэлийг бодохоор үзэн ядах сэтгэл өөрийнх эрхгүй төрнө.
1992 оноос бидний сонгосон, тэдний томилсон нийслэлийн удирдлагууд юу хийв. Амьдралд ахиц гарав уу.

Эхний сонголт буюу 1992-1996 он
МАХН ялалт байгуулав. Л.Энхбиш хотын мэрээс татгалзаж Ц.Баасанжав нийслэлийг удирдах болов. Хувийн хэвшлийн салбар дөнгөж үүсч, дэлгүүрийн лангуун дээр хөх давс, гоймон хоёроос өөр зүйл байдаггүй байсныг хэн хүнгүй хэлүүлэлтгүй мэднэ. Тэрбээр энэ үед хувьчлагдсан хүнсний дэлгүүрүүд найман нэр төрлийн бараа заавал зарах ёстой гэсэн захирамжийг үзэглэв.
Нийтийн тээвэрт явж байсан автобусууд жагсаалаас гарч, энэ салбар уналтад оров. Гэтэл Ц.Баасанжав өрсөлдөөнийг бий болгох үүднээс хувийн хэвшлийнхнийг энэ салбарт татан оролцуулав. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, олон хүн амьжиргааны эх үүсвэртэй болсон сайн талтай ч сүүдэртэй тал нь түүнээс дутахааргүй байв. Автобус компаниудад хөрөнгө оруулалт хийж, хуучирсан техникийг бага багаар шинэчлэх боломжтой байсан ч микро автобусыг нийтийн тээвэрт үйлчлэх зөвшөөрөл олгосон нь дампуурлын ирмэгт тулсан автобус компаниудын орлого микроавтобус руу чиглэж, дахин сэхэл авалгүйгээр бүрмөсөн сөхрүүлэхэд хүргэжээ. МАХН-ын нийслэлийн эрхийг барьж байсан эхний жил өрхийн сарын дундаж орлого 5158 төгрөг байсан бол зарлага нь 5468 төгрөг болж, иргэдийн орлого зарлагаасаа илүү гарах боломжгүй хэвээр байв. Энэ үеэр автобус компаниуд орлого бус зарлага гаргах болж, төсвийн мөнгөнөөс шимэгч болон хувирсан байна.

Дараагийн сонголт буюу 1996-2000 он
Нийслэлчүүдийн сонголт дахин МАХН руу чиглэв. Хэдийгээр энэ хугацаанд төрийн эрхийг Ардчилсан холбоо эсвэл барьж байсан ч нийслэлийг МАХН барьсан хэвээр байв. Тиймээс хотын мэр байсан Ц.Баасанжавыг нийслэлийн “парламент”-ын даргад дэвшүүлж, түүний оронд тухайн үеийн нийслэлийн Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны дарга байсан Ж.Наранцацралтыг хотын мэрт томилов. Энэ үед санхүүгийн хувьд хараат байсан нийслэлийг бие даалгасан нь Ж.Наранцацралтын томоохон шийдвэр гаргасан анхны алхам байв. Энэ шийдвэр нь тухайн үед 16 тэрбум төгрөгийн орлоготой байсан хотын төсвийг хоёр жилийн дараа 32 тэрбумаар тоологдоход хүргэж, хоёр дахин өсчээ. Хэдийгээр гадаад харилцаа хөгжиж Япон, Хятад, Өмнөд Солонгос, АНУ, Канад, Герман зэрэг улсын муж, хотуудтай харилцаа тогтоосон ч ядуурлын индекс 1996 онд 12,5, 1997 онд 18,5, 1998 онд урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч 34,1 хувь болов. Ядуурлын эсрэг 1996-1998 онд 55,2-180,2 сая төгрөгийг зарцуулж байсан ямар ч үр дүнгүй арга хэмжээ болжээ.
1998 онд хотын мэр Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдож М.Энхболд нийслэлийн Засаг дарга болсноор хотын удирдлагыг МАХН мэдэлдээ оруулав. Энэ хугацаанд нийслэлийн хүн ам байнга өсч 760 мянгад хүрчээ. Харин хөрөнгө оруулалт 60231,9 сая төгрөг болж өсчээ. Гэсэн ч ажилгүйдлийн тоо буурсангүй. Харин 145,1 мянган өрхийн 43,5 хувийг ядуу өрх эзлэх болов. Харин ядууст зарцуулах хөрөнгийн хэмжээ мөн л 574,5 саяд хүрсэн байна. Үүнийг ядуусын тоо ихэссэн учраас ийм хэмжээний мөнгө зарцуулсан гэж үзвэл том эндүүрэл болно. Энэ жил нийгмийн халамжийн үйлчилгээнд өмнөх оноосоо ч цөөхөн хүн хамрагдсан байх юм. Ядуурал ийнхүү дээд цэгтээ хүрсэн нь ажилгүйдлийг бий болгосны зэрэгцээ, архидалт, биеэ үнэлэх явдал газар авахад нөлөөлжээ. Ганцхан жишээ хэлэхэд, 1999 онд гэхэд 70,5 мянган хүн эрүүлжүүлэгдэж байсан тухай нийслэлийн Статистикийн газраас гаргасан тоо байх юм. Энэхүү тогтворгүй байдал нийгэмд нөлөөлснөөр гэр бүл салалт олширч, түүний улмаас хараа хяналтгүй хүүхэд буюу “траншейны” гэсэн шинэ тодотголтой хүүхэд мянга орчимд хүрчээ. Иргэдийн хувьд хүндхэн байсан энэ үеэс эхлээд хотын хүн амын өсөлттэй уялдуулан ерөнхий төлөвлөгөөг гаргасан ч бүтэлгүйтэв.

Гурав дахь сонголт буюу 2000-2004
Мөн л МАХН. М.Энхболд улиран сонгогдсон энэ дөрвөн жилийг нийслэлийн хот төлөвлөлтийн бодлого бүрмөсөн алдагдаж, газар олголтод “зөвхөн мөнгөтэй хүнд үйлчилнэ” гэсэн зарчим тогтлоо.
Нийслэлийн эрх баригчид хотын ерөнхий төлөвлөгөөнд цэцэрлэгт хүрээлэн, зам, талбай, эмнэлэг, сургууль барих ёстой газрыг өөр зориулалтаар хувийн хэвшлийнхэнд олгож, газрын наймаа гаарсан. Нийслэлийн ИТХ-ын даргаар Н.Болормаа, Засаг даргаар М.Энхболд нар ажиллаж байх үед ердөө ч зохион байгуулалтгүй газар олгосноос нийслэлийн төвийн замыг өргөсгөх боломжгүй болж, түүнийг дагаад замын түгжрэлийг шийдэх боломжгүй болсон гэдгийг анхаарах хэрэгтэй.
Нийслэлчүүдийн эрүүл мэндийн байдал ч дордож, хоол хүнсний бүтээгдэхүүнээс үүдсэн халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өсч 2001 он гэхэд халдварт өвчнөөр 25 мянга 172 хүн өвчилжээ. Нийслэл хот өргөжихийн хэрээр гэмт хэрэг, садар самуун, архидалтын уурхай болсоныг ч статистик үзүүлэлтээс бас л харж болно. Баар, цэнгээний газрын тоо эрс нэмэгдсэнээр архидалтаас гадна биеэ үнэлэлт газар авч түүнээс үүдэн зөвхөн тэмбүү өвчнөөр гэхэд л 600 өвчилсөн байна. Гэхдээ энэ тоо зөвхөн төрийн өмчийн эмнэлэгт хандагсдын тоо гэдгийг анхаарах хэрэгтэй.

Дөрөв дэх сонголт буюу 2004-2008
МАХН хэвээр, М.Энхболд ч хэвээр. 2004 оны орон нутгийн сонгуулиар МАХН нийслэлийн ИТХ-д 37 суудал авч үнэмлэхүй олонх болов. Байдал дээрдсэнгүй. Дээр дурдсан үзүүлэлтүүд буурах биш өсөв.
Хот хогондоо дарагдаж, устгасан гэхээсээ илүүтэй байгаа хогоо тоолдог болов. Агаарын бохирдол хэрээс хэтэрч, уушиг нь цоорхой хүүхэд төрж, амьсгалын замын халварт өвчнөөр өвчлөгсдийн тоо урьд өмнө байгаагүйгээр өсөв. Нийслэлийн дундаж өрхийн орлого 2007 оны байдлаар 284 мянгад хүрсэн ч зарлага нь түүнээс хол давж 318 мянгад хүрчээ. Зохион байгуулалтгүй газар олгосноор өдрөөс өдөрт тэлж буй хот цахилгаан, дулаанаа хангаж чадахгүйд хүрч, чанаргүй орон сууцны тоо нэмэгдэж байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандсаар байна. Харин хотын удирдлагууд энэхүү бухимдлаас үүдэн тавь дахь эх үүсвэр бий болгох арга зам хайсаар байгаа ч өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байсаар байна.

Тав дахь сонголт ямар байхыг та шийднэ
Энэ мэтээр МАХН-ын мэдэлд байсан нийслэл өнгөрсөн хугацаанд цаасан дээр буулгасан төлөвлөгөө нь хэрэгжих боломжгүй, иргэдийн эрүүл мэнд, эрүүл ахуйн үндсэн үзүүлэлт доогуур, агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүртэл дээд цэгтээ хүрсэн хот болжээ. Ингээд бодохоор эхэнд асуусанчлан хөгжиж байна гэж хэлж чадах уу, иргэн та. Удахгүй болох орон нутгийн сонгуульд МАХН эрх мэдлээ өөртөө үлдээхээр “Шинэ Улаанбаатарын хөгжлийн төлөө” гэсэн уриатай оролцохоор болоод байгаа. Сонгох, эс сонгох эсэх нь таны эрх юм хойно. 20 жил удирдах эрхийг олгох эсэх нь таны дур. Сонголтыг хүндэтгэх нь ардчиллын зарчим. Гэлээ ч та хотын хорт агаарт бөгшүүлэн, гэрийнхээ хаяанд хөглөрөх хогтой хөршлөн, шил шилээ даран сүндэрлэх төөрдөг байшингаар аялж, энхэл донхол замаар хараал урсган түгжрэн зогсохыг хүсвэл “үерхэлдээ үнэнч” байгаарай.

JD

Monday, September 15, 2008

Баянмонгол орны хувь. . .

Өнгөрсөн сонгуулиар МАХН "Эх орны хишиг", АН "Эрдэнийн хувь", Харин нэр дэвшигч Лу. Болд "Баян Монгол корпораци" төслийг тус тус санаачилсан санагдана. Хэ хэ. Үнэхээр олон санаа гарсан ч нэг л эх үндэстэй буюу эх орны хэвлий дэх баялагийг хэрхэн хуваах тухай санаачлагууд байлаа. Эхний хоёр хэсэг бол яаж өгөхөө мэдээгүй зөвхөн санал авахийг л хүссэн. Харин Баян Монгол нилээн гаргалгаатай байсан шүү. Ийгээд сонгууль боллоо. Болсон чинь МАХН яллаа. Ялсан чинь ард түмэн бослоо. Боссон чинь буудчихлаа. Буудуулсан ньүхлээ. Бусад нь баригдлаа. АН удирдлагаа арчаагүй хэдэн лаларуудад алдлаа. Алдсан даруйдаа авсан АН нь ЗГ-т гар хөлөө хийлээ. Аргаа барсан гишүүд нь яахаа мэдэхгүй учраа олохгүй чихэлдэнэ.
Тэгсэн чинь яасан гэнэ үү нөгөө хамтарсан ЗГ-ийн гэрээнд нь АН-ийн "Эрдэнийн хувь" өгөх асуудал нь тусгагдаагүй бололтой. Ийгээд асуудал бахин босоод АН дотроо дахин хуваагдлаа.
Би бол ганцхан зүйл дээр л итгэж байна. Бид жинхэнэ утгаараа өгөгдөх Баянмонголийг л дэмжих хэрэгтэй болоод байна (http://www.bayanmongol.mn/). Ху намын нөхөд "Баян Монгол"-ийн төслийг ашиглан нэг корпораци байгуулах сураг гараад байдаг. Би бол ирэгн байнгын хувь эзэмшдэг л байх ёстой гэж үзээд байгаа. Харин нөгөө хэд бол нэг удаагийн олголтоор тогтмол сая ч юм уу сая таван зуу ч юм уу өгөөд үлдсэн ашгаа хуу татах гээд байх юм.
Харин үүний оронд корпораци ашигтай л ажиллаж байвал ашигаас хамаарч хувьцаа эзэмшигчийн ашиг нь нэмэгдэж байдаг л баймаар байна. Юутай ч энэ их баялаг хуваарилагдах асуудал бол тодорхой болж байна. Харин яаж вэ гэдэг дээр л жинхэнэ алалцах хэрэгтэй болоод байна даа Монголчуудаа.
Нэрний хувьд гэвэл Эх орны хишиг гэчих гээд айлгаад байна гэнэ ээ намын нөхөд. Тэгвэл Баян Монгол орны хувь гэвэл гурвуулаа багтаад байх юм хэ хэ. 2012 онд альаль нь л өгсөн гээд явна биз. Харин иргэд бид л баян байвал болчийшдээ.
JD

Sunday, September 14, 2008

Жинхэнэ сонгууль. . .

Арай гэж нэг УИХ-ын сонгууль дуусаад жаахан амс хийгээд байж байтал залгаад шууд л орон нутгийн сонгууль гэгч нэгэн сонгууль эхлэх гэж байна. Логикийн хувьд бол иргэдэд үнэхээр чухал гэж хэлж болох сонгууль нь бол энэ сонгууль буюу орон нутгийн сонгууль юм шүү. Бид энэ зүйлийг сайн мэддэггүй, бас тоодоггүйгээсээ болоод орон нутагт жишээ нь хамгийн олон ах дүүтэй нь нутгийн удирдлагыг гартаа авна. Энэ нь даамжирсаар сүүлдээ бүр газар авчээ. Монгол улс 21 аймагтай аймаг бүр сонин ч гэмээр 45-50 км дотор нэг нэг сумтай байх юм. Хэ хэ. Тэгээд тэр суман дээр нь очихоор 1500 - 2000 хүн амтай байх юм. Сургуульд нь хүүхэд сурах нь их ховор. Ихэнх нь аймаг сууна. Эмнэлэгт нь хүн хэвтэхгүй аймагт эмчлүүлэнэ. За тэгээд тамгын газар гэж нэг сайхан байшин л байна доо. Суман дээр уртаашаа хоёр дэлгүүр байх юм. Нэг нь Засаг даргынх, нөгөө нь ИТХ-ын даргынх. Ядаж байхад нөгөө хоёр ах дүү хоёр гэж байгаа. (Ер нь бол хөдөөд бизнес хөгжүүлэнэ гээд бөөн төсөл явдгийн холын сумдаа л юу юм бэ гэхээс бусад газраа бол худалдан авагч байхгүй болхоор нэг, хоёр томхон дэлгүүр л хэрэгцээг нь хангадаг юм байна хэ хэ)
Ингэж төсөв үрхээр өөр нэгэн ойр сумтай нэгтгье гэхээр сумын Засаг ноён, ИТХ-ын дарга хоёр та бидний дал наян жил ажилласан, амьдарсан нутгийг нэгтгэх гэж байна энэ хажуу дайсны сумтай гэх маягийн сурталчилгаа хийгээд л нөгөө хэд нь цус нь хөөрөөд юун нэгдэх. Ийм л байх юм даа.
Сумын төвөөс аймаг орж соёлын шоконд ороод удалгүй хот орж дахин соёлын шоконд ороод учраа олохгүй яваа энэ олон Монголчуудад орон нутгийн сонгуулийг ойлгох сөхөө ч алга байгаа. Аргайгүй дээ. Уул иргэн бид баяжаад ядаж ходоод өлсдөггүй, автобус унаандаа санаа зовдоггүй болох яг тэр цагт л энэ сонгууль жинхэнэ утгаараа болох юм шиг ээ.
Орон нутгийн сонгуулийн өглөө эмээ, өвөө эртлэн босоод хамгийн гоё хувцасаа өмсөөд хар хурдаараа сонгууль өгөхөөр гарч одно. Хүн нь чухал биш гагцхүү өөрийг ньөдий зэрэгт хүргэсэн Ху намдаа саналаа өгнө. Гэтэл санал өгсөн ах бол гарч ирээд энэ хэдэн газар за тэгээд дүүргийн бүхий л асуудлыг за нэг янзлана даа аан. Ха ха.
Ийм нэгэн сонгууль удахгүй болох гэж байна. Бид одоо энэ цагаасааа салж орон нутгийн сонгуульдаа л идэвхитэй оролцох юмсан даа.
JD

Saturday, September 6, 2008

Алуурчин...

Яг одоо Улаанбаатар хотод, Монгол улсад шөнийн 01:15 болж байна. Ойролцоогоор 15 минутын өмнө гэнэт Tsendenkhuu Buuveibaatar гэдэг хаяг (baavai9914 гэж байсан. хаяг нь) орж ирлээ. Бандийн шоо минь ална шүү гээд эхэллээ. Би ч дотроо пал гээд л явчихлаа. Эхлээд гайхаад Чи наад үгнийхээ утгыг мэдэх үү гээд бичлээ. Ална шүү л гэж байх юм. Бүр гайхаад дотроо сонин сонин юм бодоод л дахиад л би ажилтай байна гэх мэтчилэн үзлээ. Ингээд баахан намайг ална гэж занал хийлсэн нэг баагийтай чаталлаа. Тэгсэн харин жолооч нэг баагийтай намайг андуурсан болоод явчихлаа. Хэ хэ. Сонин байгаа биз. Уул нь тэр хүнийг ээж нь анх хэлд ороод хамаагүй үг хэлэхэд нь энэ үгийг хэлж болохгүй гэдгийг зааж өгөөгүй бололтой.
Юутай ч хэсэг хугацаанд тэр хүн андуурсан юм уу бүү мэд баахан л сонин боллоо. Хэн нэгэн хүнд та эвгүй үг хэлэх гэж байгаа бол тэр үгээ өөртөө нэг хандаад хэлээд үзээрэй гэж. . .
JD

Төгс гэдэг үг өөрөө бас төгс биш. . .

Хэ хэ. Ойлгоход бас л хэцүү сонсогдож байгаа биз дээ тээ. Төгс гэдэг үгийн утгыг хайх юм бол үүнээс өөр сонголт байхгүй гэж ойглгогдох буюу эцсийн хувилбар гэж байгаа мэт. Тэгтэл нэгэн зүйрлэл байх юм онолыг давсан онол гарч ирвэл тэр онол хүчингүй болдог гэж. Тэгвэл энэ төгс гэдэг үгийг давсан өөр нэгэн хувилбар гарч ирвэл энэ үгийн мөн чанар алдагдана. Эсвэл энэ үгийн утга нь хоёрдугаарт жагсана.
Ардчилсан нам ЗГ-т орж хамтарсан ЗГ байгуулана гэнэ. Хоёр хуваагджээ. Тэд өөр өөрсдийнхөө тайлбарыг төгс мэтээр ойлгож чадхаараа л тайлбарлах гэж байгаа харагдах юм. Хэ хэ. Сонсохоор нээрээ ч аль алиных нь зөв юм шиг байх юм. Ху нам биднийг ашиглаад л хаяна. Бид сөрөг хүчин байх хэрэгтэй гэж. Нөгөө нэг нь үгүй ээ үнэдсний эрх ашиг гэж. Тэгсэн чинь дам ярихнээ АН дотроо хагарч нэгдэхгүй гэж байгаа нь ерөнхийлөгчийн хатгаас. Хэрвээ нэгдвэл ерөнхийлөгч унах юм байх. Хэ хэ. Нэгдвэл С. Баярт ашигтай юм байх аа. Алчхийн байна доо. Ёстой л нөгөө Цэнддоо гуайн бичдэгээр юу хийээд яасан чинь яачихваа буюу чулуу шидсэн, чулуудуулсан. Буудсан чинь буудуулсан тэгсэн чинь алтан медаль авсан. Тэгтэл харин тангарагаа өргөсөн хэ хэ. Учраа олхоо байлаа. Хаашаа ч хараад байгаагаа мэдэхээ байлаа гэдэг шиг. Яг үүнтэй ижилхэнээр хүмүүн бидний амьдрал үргэлжилж байх юм. Бид мөн л тэдний адил өөр өөрсдийнхөөрөө энэ амьдралд хандаж, мөн тайлбарлаж, бас тэмцэх юм.
Төгс гэдэг зүйлийг хайх гэдэг нь утгагүй юм байна. Ерөөсөө төгс гэдэг зүйлийг хайхын оронд аль тохирох хувилбарыг нь хэрэглэх нь чухал юм шиг ээ.
Миний энэ бичээд байгаа маань ч гэсэн өөрөө ер нь утгагүй төгс биш зүйл юм аа. Эргүүтсэн юм шиг энэ улсад төгс зүйлийг биш зүгээр л бидэнд тохирох тэр зүйлийг л хийгээд өгөөч. (Энийг тэгээд хэн ч уншаад хэн ч хийхийн шаал төгс биш зүйл хийж байх юм даа би ч гэсэн)
JD