Tuesday, March 18, 2008

Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв. . .

Цэцэг өглөө эртлэн босож гэрээ цэвэрлэнэ. Амандаа ээжийн минь чанасан цай хэмээн дуу аялана. Дотроо нэг л өөдрөг бодол тээсэн бололтой царай нь гэрэлтэж, нүд нь баясгалантай харагдана. Гэрээ цэвэрлэж ядаад байх зүйл үгүй. Анх айл болоход нь аав нь өгсөн бор шкаф үүдэнд нь байрлана. Бөөн сүр болж захаас авсан угаалтуур, жижиг сажиг гал тогооны хэрэгсэл, дээр нь галын зуух за тэгээд нэг ТВ ер нь л тэгээд болох ньтэр. Шкаф тэдний хувьд агуулах, бас дээр нь хэдэн бор төгрөгөө хадгалах сейф, хатуухан хэлбэл нөхрөөсөө зарим нэг зүйлийг нуудаг архив.

Удахгүй нөхөр ирнэ. Өнөөдөр эрчүүдийн баярын өдөр. Нөхөр маань намайг Мартаар ёстой их баярлуулсан. Би өнөөдөр хэдэн нуусан бороороо юу авч өгнө өө. Дээр уул нь мөнгөн зүүлт харчаад салахгүй байсан. Тэрнийг нь аваад өгчихдөг юм уу. Аа нээрээ тэр чинь үнэтэй байсан штээ. За байз. Юу дээр вэ. Шууд дуртайгаа ав гээд мөнгийг нь өгчихдөг юм уу . Арай бага юм аа. Уул нь ажил хийдэг байсан бол гэхчлэн элдвийг бодно. Тэрээр цэргийн баярт бэлдэж байгаа бололтой.

Цэцэгийн нөхөр Бат бол угаасаа цэрэгт явах нь битгий хэл эхээс төрөхдөө бие муутай төрсөн хүүхэд. Ямар сайндаа найз нар нь рок биет гэж хочлох вэ дээ. Гэхдээ эрийн шийр зааж айлын охин аваад айл үүсгээд арай л хоосон хончихгүй, хоёр идчихгүй л яваа нэгэн. Арван жилээ төгсөөд сургуульд яваагүй бизнес хийсэн бөгөөд одоо хэр нь бизнестээ амжилт гаргаж чадахгүй яваа. Өвөл болхоор түлээ, нүүрс зарна. Зундаа шил авна за тэгээд ер нь хийж болох бүхнийг л хийнэ дээ.

Яг энэ мөчид Бат ажил дээрээ хэдэн төгрөг олчих санаатай сууна. Дотроо өнөөдөр чинь цэргийн баяр шүү дээ. Орой нэг баярлах нь дээ хэмээн бодлогширно.

Тэр хоёр хоёр талд ийнхүү бодлогширон байх хооронд цаг харавсан сум мэт өнгөрчээ. Нэгэнт орой болж Бат гэртээ харих цаг болсон байна. Автобус дамжин, оргилд мацан гэртээ ортол. Нөгөө муу жижиг бор ширээ дүүрэн амттан. Ээ бурхан минь. Өөрийн эрхгүй дуу алдан. Эхнэрээ тэвэрч аван баярласан сэтгэлээ илэрхийллээ.

Хамар хашаанаас хэдэн нөхдөө дуудана. Тэр хэдтэй Улаанбаатарт орж ирээд танилцсан бөгөөд хааяа нэг баяраар, эсвэл тохиолдлоор уулзаж ганц нэг юм ууцгаана. Төд удалгүй нөгөө хэд ч гэрт ороод ирлээ. Нилээн эртнээс уусан бололтой халцгаажээ.

Найр ёстой нэг оволзтол эхэлсэн дээ. Бат ч эхнэрээ магтаад л. Удахгүй баяжих тухай сэтгэлээ сэргэтэл нөгөө хэддээ хөөрнө. Хамар хашааний агаа нар ч мөн адил том том үсрэнэ. Гэнэт нэг нь мэргэн санаа гаргалаа. Ерөөсөө маргаашнаас хамтарсан бизнес хийе. Бүгд л би ч тэрэнтэй уулзая. Би ч өглөө эрт босоод ингэнэ гэхчлэн хөөрөлдөнө. Ийнхүү тэд уусаар үүрээр салцгаалаа.

Өглөөний нар хурцаар гийн Монгол улсад, Улаанбаатар хотод, Батийнд өглөө боллоо. Шартсан эр эхнэрээ ус аваад өгөөч хэмээн орлин дуудна. Цэцэг босон харайж харвал гэрт нь Дэлхийн 3-р дайн болжээ. Хогноос өөр юу ч үлдсэнгүй ээ.

Маргааш тэднийх юугаар амьдрах вэ. Цэцэг байсан хэдээ хамж шимээд, гар дах бөгжөө, чихэн дэх ээмгээ мултлаад ломбарданд өгсөн. Энэ олон баярт хэний олон үрс ингэж хэлмэгдэж байгааг хэн мэдэх вэ. . . Цэцэг, Бат хоёр дэндүү их баярлалаа даа.

JD

1 comment:

Baika Puntsag said...

heheheh, well written man.