Tuesday, June 24, 2008

Миний тавьсан илтгэл

БАЯН МОНГОЛЫН БАЯН ИРГЭН БАЙХ
ЭРХ БИДНИЙ ЗӨВ СОНГОЛТООР БИЕЛЭНЭ

Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн амгаланг айлтгая!
Бид өнөөдөр хэрхэн амьдарч байгаагаас илтгэлээ эхэлье. Өнөөдөр дэлхийн хамгийн дайчин, аугаа хэмээн шагшигддаг байсан Монголчууд бид Дэлхийн улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд явж байгааг та бид сайн мэдэж байгаа билээ. Олон улсын Валютын сангийн 2007 оны судалгаагаар нэг Монгол хүнд ноогдох орлогоороо бид 1486 ам.доллараар дэлхийн 200 гаруй улсаас 121 дугаарт орж байна. Энэ жагсаалтыг Люксембург улс 104600 ам.доллараар тэргүүлсэн нь биднээс даруй 70 дахин илүү орлоготой ард түмэнтэй гэсэн дүн гарч байна. Бидний хаант засагтай хэмээн жийрхэцгээгээд байдаг Катар усын иргэд ч энэ тоогоороо биднээс 50 дахин илүү байна.

Гэтэл бид ийм жаахан орлогынхоо 42.2 хувийг хүнсээ худалдаж авахад л зориулж байна. Тэгвэл бид юугаараа хувцасаа худалдаж авч өмсөж, юугаараа унаандаа сууж, үр хүүхдийнхээ боловсролд аль хэсгийг нь зориулах билээ. Энэ тухай та бодож байсан уу? Магадгүй таны амьдрал хийж байгаа ажил, албан тушаалаас чинь болоод боломжийн байгаа байж болох ч хангалттай амьдралтай, үнийн мэдрэмжгүй иргэдийн тоо өнөөдрийн байдлаар хараахан их биш ээ. Дээрх хэдхэн тоо бидэнд дийлэнх Монголчуудын амьдралын үнэн бас бодит дүр зургийг харуулж байна. Үүнийг ч мөн адил 2007 оны судалгаагаар нийт хүн амын 50% нь ядуу гэсэн хэсэгт орсон нь харуулж байна.

Улс нь баян атлаа иргэн нь хоосон ядуу үлдсэн орны жишээг бид африкаас, латин мерикаас эрж ярьж байна. Үнэн хэрэгтээ ийм жишээний нэг бид өөрснөө биш гэж үү?
Миний Монгол орон газрын хэвлийдээ хамгийн их баялагтай орон юм аа.
Тянь Шаны гэгдэх зэсийн аварга судлын нэг үзүүр Монголын Эрдэнэтээр нөгөө үзүүр Оюу толгойгоор цухалзаж байна

Зэсийн тогтоогдсон нөөцөөрөө Монголчууд бид дэлхийд хоёрт багтлаа.

Өнөөдөр “Арабын хойг нэфьтээрээ гайхуулна. Азийн монгол нүүрсээрээ гайхуулна” гэж дэлхий дахин шуугих боллоо. Одоо нээгдээд байгаа нефьтийн ордоороо Монгол улс олны анхаарлыг өөртөө татжээ.

Монгол нутагт нэгэнт тогтоогдсон ашигт малтмалын 54 томоохон орд байна. Зэс, нүүрс, алт, мөнгө, уран, төмөр, цайр гээд манайх олон төрлийн баялагтай. Энд байгаа нөөц нь хамгийн багаар бодоход нэг триллион буюу нэгэн их наяд ам доллар болж байна. Монголчууд бидний практикт хэзээч хэрэглэж байгаагүй том тоог эх орны минь баялаг хэрэглээнд оруулж өглөө.

Бид ийм тоогоор хэмжих мөнгөтэй ч байж үзээгүй, малтай ч байж үзээгүй юм аа.

Дэлхийн зах зээл дээр бидний баялагийн үнэ сараар бус өдөр цагаар үнэд орж байна. Биднийг энд баялагаа ашиглах тухай, иргэд нь ашгийг нь хүртэх ёстой тухай ярьж суухад 1 тонн коксжих нүүрс 129 ам доллараар зарагдаж байна.
Зэсийн үнэ сүүлийн арван жилд 4 дахин өслөө.
Нүүрсний үнэ 6 дахин өслөө.
Төмрийн үнэ 3 дахин өслөө
Алтны үнэ 5 дахин өслөө. Дэлхийн хүн амын хэрэгцээ жам ёсоор өсч байгаа энэ үед үнэ ч улам өсөх нь гарцаагүй ээ.

Монголчууд бид амьжиргааны түвшингээр эхний аравт байтугай, эхний зуу-д харагдахгүй байна. Гэтэл Монгол нь баян байхад монголчууд нь яагаад ядуу байна вэ? Эх орон нь баялагтай байхад эзэн нь яагаад зүдүү байна вэ?

Бидэнд энэ бүхнийг шийдэх шийдэл хэрэгтэй байсан. Өнгөрсөн жилүүдэд улс төрчид, судлаачид энэ шийдлийг хайсаар л байсан. Ямар шийдэл байж болох вэ? Яаж баялагаасаа иргэдээ хүртээх вэ гээд л. Харин тэдний хайж олоогүй шийдлийг Лувсанвандангийн Болд санаачилж, судалгааг нь олон жил хийж “Баян монгол” төслийг боловсруулсан. Энэ төсөл Монгол хүнийг улс шигээ баян, монгол айлыг эх орон шигээ хүчирхэг болгохоор боловсруулагдсан төсөл юм аа.
Одоогоос хэдхэн хоногийн өмнө УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшигч Лувсанвандангийн Болдын санаачилсан “Баян Монгол” корпорацийн төслийг бид дэмжиж хөдөлгөөн өрнүүлсэн. Гэтэл өнөөдөр энэ хөдөлгөөн дан ганц Болд гэдэг хүний асуудал бус Монгол улсын иргэн бүрийн анхаарал хандуулсан асуудал болон хувирлаа. Даруй бид 21 аймаг 9 дүүрэг албан ёсныхоо салбарыг нээлээ. Бид иргэн бүрийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Энэ гарын үсгүүд бол тухайн иргэний дэмжиж байгаагийн хамгийн гол илэрхийлэл байсан. Гарын үсгийнхээ тоог анх нэг сая гэж тавьчихаад яаж цуглуулана даа гэж бодож байсан. Гэтэл тэр ажил минь өнөөдөр дал гаруй хувьтай буюу 760 мянга гаруй гарын үсэг цуглажээ.

Тийм ээ. Үүнийг Монголынхоо төлөө зүрх нь цохилдог хүн бүр дэмжиж байна. Бид энэ гарын үсгийг худалдаж аваагүй ээ. Бид энэ гарын үсгүүдийг гуйж аваагүй ээ. Харин бидний төслийг тэд дэмжсэн юм аа. Хэдхэн хоногийн өмнө Америкаас нэгэн надруу бүсгүй залгасан. Тэр бидний тухай мэдээллийн интернэтээс олж уншаад гадаадад байгаа Монгол иргэд яаж дэмжих вэ? Би гарын үсгээ нэмэрлэмээр байгаа тухайгаа ч илэрхийлж байсан.
Энэ төсөл олон жилийн судалгаан дээр үндэслэгдсэн хэрэгжих бүх нөхцөлийг тусгасан байсан. Энэ төсөл стратегийн гэж нэрлэгдэх 54 ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж Дэлхийн зах зээлд борлуулах. Харин энэ төслөөс олох ашгийг Айвенхоу Майнзийн Фрийдланд, Алтан Дорнодын Паушок биш биш харин энэ орны эзэд нь хүртэх тэр боломжийг гаргасан юм аа. Бид НОКИА гэдэг утсыг маш мэддэг. Гэтэл тэр НОКИА гэдэг утсыг Монголын дундаж орлогтой иргэн дунд зэргийн утсыг нь 2 сарын цалингаараа авдаг. Тэгвэл тэр зовж цуглуулсан цалингаараа утас авхад тэрнээс олох ашгийг нь НОКИА корпорацийн хувьцаа эзэмшигч авч байдаг. Тэгвэл бид яг энэ жишээ буюу бидний баялаг Дэлхийн зах зээл дээр борлогдоход борлуулалтаас олсон ашгийг Бат, Дорж, Дулмаа би, чи, бид хүртдэг тэр зүйлийн төлөө явж байгаа юм аа.

Өнөөдөр бидний хөдөлгөөний зорилго бол маш энгийн энэ шийдвэрийг гаргуулахын төлөө зорьсон юм аа. Бид бороо орсны дараа цувуу өмсөх бус бороотой уралдаж цуваа бэлдэх хэрэгтэй. Бид 4 жилд нэг удаа Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг. Бид тун удахгүй энэ сонголтоо хийх гэж байна. Бидний хувьд энэ сонголт бол хувь заяаны сонголт гэж нэрлэмээр. Учир нь түүхэндээ Монголын түүхийг жаран жарнаар хэмждэг. Бид хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэж ярьцгаадаг. Тэгвэл бид хувьтай учраас хулгана жилийг үзсэн. Бид энэ жил шинэ жарны эхлэл дээр ирсэн. Бидний хийсэн зөв сонголт Монгол хүн бүрийг ирээдүйдээ үлдээх хөрөнгөтэй, эргээд дурсах гайхамшигт дурсамжаар дүүрэн түүх, их нэр хүндийг авч ирнэ.

Бидний энэ шийдвэр иргэн бүрт 361 ширхэг хувьцаа буюу 36100 ам долларын хөрөнгө болон очиж жил бүр ноогдол ашиг авах юм аа. Энэ бодит хөрөнгө оруулалт өрх бүрийг ноогдол ашгаа нийлүүлж эхний өрхийн бизнесээ эхлэх боломжийг бүрдүүлж өгөх бөгөөд анхны ноогдол ашгаар гэргүй нь гэртэй болж, гэртэй нь бизнестэй болж, залуус сургуульд сурах төлбөртөө санаа зовхоо болино. Монголын төр хүнээ тоолохдоо хөрөнгө зардаг байсан бол Монгол хүн төрдөө тоолуулах гэж жагсдаг болно. Мөнгөтэй хүн хэзээ ч гар хумхин зүгээр суудаггүй юм аа.

Бид шинэ ЗГ, шинэ УИХ-ын хамгийн түрүүний хийх ажил нь “Баян Монгол” корпорацийн төсөл байх болно гэж уриалж, тэмцэж байна. Мэдээж энэ шийдвэрийг улс төрд суудал бүхий хууль санаачлах эрх бүхий гишүүдээр дамжуулан санаачлуулж, тэднээр дэмжүүлэх асуудал бол хамгийн чухал. Тэр утгаараа бид энэ бүхнийг дангаараа хийх бус хамтын хүчээр түүний дотор зөв бодлогоо тодорхойлоод байгаа зөв сонголтыг хийхийг уриалаад байгаа ардчилсан намтай хамтран хийхээр болоод байгаагаа та бүхэндээ тунхаглан зарлаж байгаадаа баяртай байна. Ардчилсан нам ард түмнээсээ асуусан 10 зөв бодлогдоо бидний “Баян Монгол” санаачлагийг бүрэн дэмжинэ гэж оруулсан.

Ардчилсан намын Эрдэнийн хувийн гаргалгаа буюу иргэддээ баялагийнхаа хувийг хүртээх хэлбэр нь “Баян Монгол” корпораци байх болно. Ардчилсан нам иргэн бүрт нэг сая төгрөгийг Эрдэнийн хувь болгож өгөх шийдвэр гаргасан. Энэхүү 1000000 төгрөгийн хэмжээ нь гагцхүү гарааны хэмжээ л юм. Хөрөнгө оруулалт цаашдаа тогтвортой өссөөр ойрын 6 жилдээ 6 сая 800 мянга болно. Энэхүү тооцоо, хэмжээг хожуу ухаарч ойлгосон улс төрийн хүчин бас байна. Тэрээр ямар ч тооцоо, судалгаагүйгээр амандаа багтсан тоогоо иргэдийг татах явцуу зорилгоор ухуулан улайрч байгаа нь харамсмаар. Бидний энэхүү судалгаа нь та бидний Монгол хүн бүрийн хувьд хийх ёстой, иргэдээ баян чинээлэг болгоход чиглэсэн зөв ажлын нэг шүү дээ.

“Баян Монгол” төсөл хэрэгжсэнээр угаасаа эзэн нь байсан, байсаар ч ирсэн, одоо ч байгаа ард түмэндээ эцэг өвгөдөөс нь цусаа асгаруулан тэмцэж байж хадаглаж үлдсэн энэ их баялагийг нь буцаан өгөх юм аа. Бидний энэ их баялагийг өнөөдөр Айвенхоу Майнзийн Фрийдланд Дэлхийн зах зээл дээр гарган топ баячуудын эгнээнд шилжжээ. Алтан Дорнодын Паушок 34 сая төгрөгний татвараас зугтаж, МУ-ын ЗГ-ийг шүүхэд 450 сая ам доллар нэхэмжилж шүүхэд өгчээ. Тэр миний ухаж авах ёстой алтыг авхуулаагүй гэж уурсчээ. Бороо гоулд компани 40 тонн алтнаас 30 тоннийг нь аваад 170 тэр бум төгрөгний татварийн хөнгөлөлт эдэлжээ. Энэ их бидний нэг их сонсдоггүй тоогоор илэрхийлэгдэж байгаа хөрөнгө бидний юм уу, эсвэл тэднийх юм уу. Энэ бол асуулт юм аа. Тэд алтыг минь аваад авдрыг минь хаясан. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд байгаа Эрэлийн алтны үйлдвэрийн нөхөн сэргээлт хийгдээгүй олборлотын уршгаар тэнд байгаль сүйдэж байна. Тосон Заамар тоосон Заамар болжээ. Баянхонгор баян нутаг биш нүхэн нутаг боллоо. Бид үүнийг зөв уурхай, зөв ашиглалт гэх үү.

“Баян Монгол” төслийн хамгийн гол зүйл бол нөхөн сэргээлт байх болно. Өнөөдрийн, ирээдүйн Монгол улсад хэн амьдрах вэ? Бид, бидний үр хүүхэд амьдарна. Бид тэдэндээ юу үлдээх вэ? Бид алтыг нь аваад авдрыг нь хаягдагийн олон жишээний гэрчүүд байсан. Үүнийг та бид бэлхнээ мэднэ.

Харин бид Баян монголчууд баялагаа олборлоод байгалынхаа нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар хийх болно. Энэ бол бид ухаантайдаа. Ухаан орсондоо, ухаарсандаа өнөөдөр хэлж байгаа мэргэн санаа биш юм. Харин энэ бол манай ард түмний хэдэн зуунаасаа уламжлан ирсэн байгаль Дэлхийдээ ээлтэй зөв амьдрах ухаан билээ. Энэ бол бидний хийх нөхөн сэргээлтийн ажлаар илрэх болно. Бид байгальд хортой үйлдвэрийг бид хэзээ ажиллуулахгүй ээ. Бид баялагаа ухаж гаргасан сарны гадаргуу мэт газар хэзээ ч үлдээхгүй ээ. Энэ бол бидний үгээр нэг амлаж байгаа амлалт бус бидний үйл ажиллагааны хамгийн год зарчим байх ёстой. Бид баялагаа үйлдвэрлэн гаргахдаа зарцуулж байгаа хөрөнгөнөөсөө хэд дахин, хэдэн арав дахин илүү хөрөнгийг нөхөн сэргээлтэндээ зориулах болно. Үүнийгээ бид зүгээр нэг нөхөн сэргээлт гэж харж байгаа бус ирээдүйнхээ төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт, ирээдүйнхээ өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага гэж үзэж байгаа болохоор үйл ажиллагааныхаа зарчим байна хэмээн хатуу бодож байгаа юм. Авилгалтай төр байсан цагт энэ нөхөн сэргээлт хэзээ ч хийгдэхгүй ээ. Төр гэдэг нэрийн дор эрх мэдэл атгаж байгаа хэсэг бүлэг иргэдэд эрх мэдэл байсан цагт энэ авилгал хэзээ бас арилахгүй ээ. Харин эрх мэдлийг ард түмэнд нь бид шилжүүлснээр авилгал авах иргэн, авилгал өгөх иргэн ч байхгүй болно. Монголын 2 сая 600,000 иргэнийг тэд Авилгалдаж чадахгүй шүү дээ.

Энэ бүхний төлөө бид өнөөдөр зөв сонголт хийх ёстой. Энэ удаагийн улсын их хурлын сонгууль бол иргэн та бидэнд дөрвөн жил тутамд ганцы оногддог УИХ-ын гишүүдийг сонгож байгаа сонголт бус хувь заяагаа сонгож байгаа сонголт тул та бид, та бидний ах дүү нар, та бидний найз нөхөд, нийт монголчууд илүү хариуцлагатай, илүү анхааралтай, илүү зорилгтой оролцох ёстой юм. Үүний төлөө л бид энэ сонгуульд зөв сонголт хийж хувь заяагаа зөв сонгох хрэгтэй болж байна.

Тийм ч учраас бид зөв намтай нэгдэж байна.

Энэ хөтөлбөр бол монголын баялгийг монголчуудад өгснөөрөө харийн болоод элдэв зальтай хүний идэш болохоос хамгаалах хөтөлбөр мөн.
Энэ хөтөлбөр бол эзэнтэй юмыг эзэнд нь өгөх хөтөлбөр мөн.

Монгол хүн ингэж баяжих зам байна
Ингэхгүй бол энэ их баялаг харийн хүний гараар үрэгдэх гээд байна.
Ингэхгүй бол монголын баялаг монгол хүндээ наалдахгүй арилах гээд байна.
Ингэхгүй бол монголчууд ядуу хэвээрээ үлдэх гээд байна.

“Баян Монгол” корпораци эзэмшигч болгоноо баян болгоно. Бид цөмөөрөө баян болох учраас эрүүл мэнддээ, боловсролдоо илүү мөнгө зарж чадна.

Бид баян болох учраас илүү эрүүл, илүү боловсролтой болно.
Баян монголын баян монголчууд урт наслана. Удаан жаргана.

Би мөрөөдөж байна. Илтгэлээ би энэ аугаа үгээр төгсгөх гэсэн юм. Дэлхий дахинаа өнгөт арьстануудыг нойрноос нь сэрээсэн энэхүү аугаа үгээр, энэхүү аугаа үгийн санаагаар төгсгөж байна. Би мөрөөдөж байна. Баян монголчууд бид хэдхэн жилийн дараа, ахар богино хугацааны дараа Эрдэнэтээс олсон зэсээ шорооноос нь салгаад зараг биш, харин зэс утас хийдэг болно. Дэлхийд нэртэй брэндүүдийг гаргадаг баялаг бүтээгчид болно оо. Би мөрөөдөж байна. Энэ үгийг та бидэнд хүргэсэн хар арьстай залуу бид хоёр харагдах өнгө нь л өөр болхоос эх орноо гэсэн, элгэн түмнээ гэсэн үзэл санаа минь ижил юм. Тэр үед түүний мөрөөдөж байсан зүйл бол бүгд эрх тэгш болох байсан. Харин бид бүгд тэгш баян болж Баян Монголын Баян Монголчууд болох мөрөөдөл маань ижил байна. Би мөрөөдөж байна.

Монголчууд бид удахгүй Дэлхий дахинаа гайхагдсан баян чинээлэг, боловсролтой ард түмэн болно гэдэгт би итгэлтэй байна. Би үүнийг мөрөөдөж байна. Гэхдээ энэ бол удахгүй биелэх бодит мөрөөдөл байх болно.

Бид Чингис хаанаараа омогшдог. Гэтэл бидний омогшиж магтдаг тэр өвөг дээдэс минь өнөөдөр энэ их баялагийг бидэнд үлдээжээ. Бид Дэлхийн олон брэндийг мэднэ ээ. Гэхдээ би Монголын брэнд гэж сонсоогүй ээ. Харин бид хувь заяаны зөв сонголтоо хийснээр Дэлхийд бид Баян Монголын Баян, боловсролтой, баялаг бүтээгч тэр Монголыг би мөрөөдөж байна.

Бидний хөдөлгөөн Бидний мөрөөдөл биелэх тэр мөч хүртэл үргэлжлэх болно оо.

Эртний нийслэлээс хийсэн тэмдэглэл. . .

Өнөөдөр 6-р сарын 24-ний орой Хархорин. 22:51 цаг. Мөнгөнмод баазын 4-дэх гэр. Баруун талаасаа хоёр дах ор. Цэнхэр хээтэй цагаан дэвсгэртэй цагаан хэрэглэл дотор суугаад өөрийн муу ноэтбүкээ өвөр дээрээ тавиад бичиж сууна. Намайг Их Хойд овогт Цагаан-Өвгөний Жадамбаа гэдэг. Би Монгол хүн. Мах иддэг. За ёстой балайрах гэж байна. хэ хэ. Ингээд бичээд байвал нилээн явах нь ээ тээ. За тэр ч яахав. Нээрээ найз Өвөрхангай аймгийн төвд хөдөлгөөний ажлаа хийчээд тээд энд ирчээд байна. Өнөөдрийн уулзалт сайн боллоо. Ёстой хэлэх ч юм алга. Нэг ах баярлаад байдас бэлэглэлээ штээ.
Улаанбаатраас гараад Лүн сум хүртэл за даа нэг шавар дээгүүр явлаа даа. Бороо их ороод зам гэж там болжээ. Хэлэх ч юм биш. Энд тэнд л суусан баахан машинууд. Уул нь тэр зам энэ жил ашиглалтанд орох ёстой байсан юм гэнэ. Тэгсэн нөгөө зам тавих нөхөр ажлаа хийгээгүйгээс олон хүн зовж байна даа. Би ч дотроо хараасаар л явлаа. Ямар мал нь ийм ажил хийдэг байна аа гээд л. Замдаа хоёр удаа 360 градус эргэлээ штээ аан. Дотор сонин болоод л. Тэрхэн хооронд яасан их юм боддог юм бэ. Шууд ажил, амьдрал за тэгээд эсэн бусийн юм бодогдоод л өнгөрлөө штээ. (Инээв)
Бодоод байсан чинь нэг сарын дотор маш олон газар явжээ. Олон ч хүнтэй уулзсан байна. Монгол хүний амьдрал өдөр ирэх тусам ядуурч байгааг харахад бас л хэцүү байна шүү найзуудаа. Би хааяа бодох юм аа. Би ч яахав одоо ингээд болж л байна. Харин хөгшрөөд юу ч хийж чадахгүй болсон байх үед миний хүүхэдтэй өнөөдрийн энэ болохгүй, бүтэхгүй байгаа хүний охин, хүү танай хүүхэдтэй чинь гэр бүл болоод амьдралыг чинь үрэн таран хийвэл. . . бас төрийн эрхэнд гараад энэ хөгшчүүдэд ер нь тэтгэвэр өгч яадаг юм устаг гэвэл гэж. Бас л ингээд бодхоор аймаар байгаа биз хэ хэ. Тэгэхээр л тийм зүйл битгий байгаасай гэж бодоод л зүгээр суухаар гээд л зүтгэж байна даа.
Монгол залуу хос өнөөдөр нэг өрөө байр, нэг машины төлөө юу ч хийхээс буцахгүй хүний нутагт боол болж, бүүр доошоо нь өнөөдрийн хоол, маргаашийн автобусны мөнгөний төлөө, амьдралд сөхөрсөн нь архинд орж байгааг харахад, мэдрэхэд, бодоход яагаад ийм байх ёстой гэж бодогдоод байх юм. Ийм зүйлийг өөрчлөхийн төлөө найз нь тэмцэх болно оо. Шинэ залуу үеийнхэн үүнийг хүсэхгүй байна. Заавал энэ бүрхэг ирээдүйг өөрчилөнө. Болохгүй зүйл гэж байдаггүй. Харин болгож чаддаггүй юм аа.
JD

Wednesday, June 18, 2008

Тэдэнд ярих өөр зүйл байхгүй гэж үү. . .

МАХН-ийн гишүүн байна гэдэг нь нэр төрийн хэрэг байсан үе саяхан. Бүх улс төрийн хүчин удахгүй өөрсдөндөө дүнгээ тавиулах гэж байна. Мэдээж дүнгээ авхаасаа өмнө бүгд л дипломынхоо ажлыг тайлагнаж байна. Би уул нь энэ хувьсагалт намыг (Нам нь бол үнэхээр аугаа их зүйл хийсэн. Харин тэр дотор нь байгаа хэдэн нөхөд олон дэмжигчийнхээ итгэлээр тоглож байгаа нь харамсалтай...) үнэхээр их зүйл гаргаж ирж тайлагнах байх гэсэн чинь бүхэл бүтэн ардчилсан нийгмээс өнөөг хүртэлх хугацаанд 12 жил 7 сар засаг барьчихаад Баяр даргаасаа өөр ярих зүйлгүй гэхэд. . . арай л биш юм аа гэж санагдах юм. Миний олон сайхан найз тэр намд байдаг. Гэхдээ тэд нэг л зүйлд итгэж байгаа байх. Тэр бол энэ хэдэн хүнээс болж намын нэр унаж байгаа. Харин удахгүй бидний үе ирнэ гэж. Гэхдээ энэ бол хоёр талтай асуудал юм шиг ээ. Зүгээр л тэднийг суудлаа тавьж өгөхийг нь хараад сууж байх ёстой гэж үү. Ёстой мэдэх юм алга аа. Манай ардчилал бол арай л ондоо л доо. Шууд л хэлдэг, шүүмжилдэг.
Тэд бол харин жинхэнэ утгаараа нам шиг ажиллаж намынхаа нэр сүрийн төлөө амаа хамхиж байгаа нь харамсамаар юм даа. Мэдээж энэ бичлэгийг уншиж байгаа Хувьсгалт намын эрхэм гишүүн та санал нийлж магад, бас намайг харааж ч магад. Би нэг л зүйлд итгэлтэй байна. Та дотроо санал нийлж байвч гаднаа дургүйцэнэ гэдэгт.
Ард олны минь амьдрал өдөр ирэх тусам доошоо бүр доошоо явсаар. Үүнийг харж суугаа би л лав хувьдаа үүнийг зүгээр хараад сууж чадахгүй нь. Бид өнөөдөр саяхан гарсан ногоон нууранд орилсоор олны нүдэн дээр амиа алдсан тэр золгүй эр шиг болох гээд байна. Надад үнэхээр их айдас төрж байна. 2000 оны тэр Хувьсгалын салхи үнэхээрхүчтэй байсан. Тэр үед надад үнэхээр итгэл ихээр төрж байсан. Гэтэд тэр түмнээс ядуурлаас гэдэг үг нь үнэн хэрэг дээрээ утгаар нь орчуулбал 10,000 гэр бүл ядуурлаас гарах байсан юм билээ.
Үнэндээ гарсан. Үнэхээр ч биелэлээ олсон. Амьдрал нүдэн дээр эргэсэн. Би зөв яваад нь атаархаж байгаа юм биш ээ. Миний эгч өнөөдр нэгэн их эмч байдаг. 18 жил наймаа хийж байна. Тэр хүний одоо цуглуулсан байгаа хөрөнгийг түмний нэг нь ганц гарын үсгээр авах тэр зүйл шудрага гэж үү. Эсвэл байх ёстой зүйл юм уу. Шинэ үеийн залуус бид үүнийг хүсэхгүй байна.
Яах вэ тэдэнд өөрсдийнхөө арьсыг хамгаалах олон ажлын тайлан байгаа л байх л даа. Гэхдээ тэр бол хийх ёстой ажил нь л байсан шүү дээ. Гэхдээ амьдрал жинхэнэ утгаараа дээшилсэн гэж үү. Үгүй ээ. Өнөөдөр гэгээн цагаан өдөр хотын төвд өмдөө тайлаад хүний нүдэн дээр өтгөнөө гаргаад согтуу сууж байгаа хүнийг хараад бид хөгжиж байна гэх үү.
Хүүхдийн тоглоомын талбай дээр янхны байр барьж байгааг хөгжил гэх үү.
Даргын хүүхэд гэмт хэрэг хийхэд мөрдөнд биш буудалд хондог. Харцын хүүхэд харин 24000 төгрөг хулгайлаад 8 жил 6 сар аваад давж заалдахгүйгээр ялаа үүрч байгааг хөгжил гэх үү.
Итгэлээ алдаж нүдэнд нь гуниг суусан иргэдийг аз жаргалтай байна гэх үү. Энэ биш ээ. Энэ хөгжил биш.
Бид хөгжөөгүй ээ.
Бид харин ухарсан.
Талбай тойрсон хэдэн өндөр, төлөвлөгөөгүй баригдсан орон сууцыг хэрвээ та хөгжил гэж байгаа бол . . .
Тэдэнд үнэхээр бидэнд тайлагнах ажил байхгүй гэж үү. Би намаас биш тэр нам дотор байгаа хүнээс тайлан шаардаж байна. Ийм болхоор би тэмцэж байгаа. Ийм байгаа болхоор би бичиж байгаа. Миний блог зовлонт амьдралын дүр зургийг илэрхийлэгч биш, харин ирээдүйг зөгнөсөн бүтээлч блог байгаасай гэж би мөрөөдөж байна. Андуудаа.
Миний нутгийн их хутагтийн нэгэн үг байдаг.
Үүл нь ирээд бороо нь орохийн цагт үүдэн хойморийн ялгаа нь үгүй
Үхэл нь ирээд үхэхийн цагт хөгшийн залуугийн ялгаа нь үгүй гэж. Тийм ээ чи хөгшин, би залуу, Чи Ардчилал, Би Ху гээд бид хөгжихгүй ээ. Харин зөв зүйлийн төлөө хамтдаа явцгаая.
JD

Monday, June 16, 2008

Зун цаг. . . Халууцсан сэтгэл

Зун цаг
Зун цаг гоёхондоо
Зугаатай цэнгэлтэй сайхан даа. . . Саяхан энэ дууг бүгд л дуулдаг байж билээ. Тэгсэн чинь энэ дууг дуулах шаардлагагүй болжээ. Харин үүнийхээ оронд Шороон шуурга аюултай, Нүүр амаа бодоорой, Юун зугаалж цэнгүүлэх гэж дуулхаар болжээ.
Зуны дунд сар хэдий нь гарчээ. Наадам дөхөж байдаг. Говьд байгаа юм шиг л санагдах юм. Хэзээ энэ Улаанбаатар ийм хуурай байлаа даа. Ёстой л нэг цөлжилт нь одоо болж байх шиг байна.
Сонгууль болж байгааг ч хэлэх үү ядаж байхад гадуур байнга явж байна. Халтаасайн төлөг шиг хүмүүс шүд нь гялалзаад л гүйгээд байна. Шөнө таарвал харахгүй мөргөлдөж мэдэхээр байна шүү хэ хэ.
Би яг одоо бол нөгөө цагаан цамцаа өмсөөд, ялааны алуураа зүүгээд, үнэтэй хүрэмтэйгээ сууж байна. Хөлөндөө ботинк углаастай. Зүгээр л жигнүүлж байна. Энэ хувцаснаас залхаж байна оо. Охид шиг доогуураа салхи сийгүүлээд гүйх юмсан. Платье өмсөөд. ХЭ ХЭ.
За ТЭР АТААРАХАХ ч яахав. Ямартай ч шатаж байна. Бүх зүйл минь шатаж байна.
JD

Sunday, June 15, 2008

Хоолон дээр. . .

Сай байцгаана уу миний эрхэм хүндэт зочидоо. Би нь ойрд улс төржөөл аймаар байна аа (Хэ хэ). Баян Монгол хөдөлгөөн эхлүүлээд. Ёстой нэг хөдөө явна гэдгийг үзүүлж байна. Өглөө энд, Орой тэнд гэдэг л болж байна. Энэ долоо хоногтоо багтаад 21 аймагтаа салбараа нээх санаатай байдаг. Гэтэл бүх зүйл сансанаар болохгүй л байна.
Өө нээрээ мангартаад хөдөлгөөнийхөө тухай бичхээ мартчихжээ. Хөдөлгөөн гэхээр жишиг хөдөлгөөнүүдтэй битгий андуураарай. Би бол бараг санаачлага гэвэл илүү дээр юм шиг санагдаж байна. Лу. Болдын санаачилсан Баян Монгол корпорацийн төслийг дэмжиж байгаа юм. Энэ их сайн судлагдсан бас хэрэгжээд эхлэхэд хүн бүрийн л асуудал шийдэгдэх учиртай юм. Миний зорилго бол шинэ УИХ, ЗГ-ийн хамгийн түрүүний хийх ажил энэ төсөл байх болно гэсэн зорилго тавьж байгаа. (Бурхан минь биелдэг л байгаа даа. Айж л байна шүү)
Ийгээд миний бие гүйгээд байна аа. Ажил гэж их, амралт гэж бага байна. Юутай ч энэ бичлэгээ заваараа хоолон дээрээ бичлээ. Намайг дэмжээрэй. Бид бүхэн эзэн Чингис хаанаараа омогшдог. Тэгвэл бидний өвөг дээдэс энэ сайхан баялагтай нутгийг бидэнд үлдээжээ. Харин бид энэ баялагаа одоо ашиглах, ажил болгох үлджээ.
Уул нь бичих юм, тайлбарлах юм их байна. Уншаад надтай холбогдож болно шүү
JD
99069293

Thursday, June 12, 2008

Ааваа

Хорвоод хүн анх үүсэх үйлдэлд аав гэдэг хүн анхадгч мэт. Харин тэр аав гэдэг хүн яагаад зарим нэгэнд байдаггүй юм бэ? Би сая найзынхаа блогруу орсон чинь аавуудын өдөр болох гэж байгааг тохиолдуулан аавынхаа тухай дурсжээ. Тэрээр мөн аавынхаа зургийг байрлуулжээ.
Надад бурхан мэдээж аав заяасан л байх. Харин би ааваа гэж хэлэх, өмөөрүүлэх, бас зэмлүүлэх хувьгүй төржээ. Арван жилд байхад аавгүй хүний толгой том гэхэд толинд байнга толгойгоо хардаг байж билээ. (Дотор минь зуурч байна)
Харин одоо надад өөрийнхөө түүхийг давтах бус үлгэрлэх түүх үлджээ. Хүүхдийнхээ хайртай аав, ханийнхаа хайртай хань байх. Ямартай ч бурхнаас надад заяасан аавынхаа зүсийг үл үзсэн ч хайрт аавдаа баярын мэнд хүргье. Ааваа би таныг олон жил хүлээсэн шүү.
Хүүгээс нь. . .

Хэрвээ бидэнд боломж байсан бол...

Монголчууд ер нь их атаархуу хүмүүс юм гэнэ. Тэгсэн нээрээ тийм ч юм уу гээд харсан чинь энэ Америк кинонууд чинь бүгд л бас л атаархснаасаа болоод хүн алаад байхын. (Би ямар гадагшаа гарч үзсэн биш яаж мэдхэв. Богд уулнаас цаана Төв аймаг, Дундговь, Дорногвь, Замын-Үүд байгааг л мэдэх юм чинь) Олон аавын охид, хөвгүүд бүгд л гадаадад гарч сурахыг хүснэ. Харин тэдний энэ хүсэл бол зүгээр мөрөөдөл. Арван жилд байхдаа аав, ээжийгээ баян мэт төсөөлж тэнд ч сурна, энд сурна гэж аашилна. Харин ямар түвшинд амьдарч байгаагаа мэдсэн хэн нэгэн нь хэзээ ч дахин сэргэхгүйгээр амьдралын хүнд хэсэгрүү шумбан орох юм. Би хааяа бодох юм үгүй ээ энэ Америкчууд ер нь гадагшаа гарч сурахыг хүсдэг юм болов уу гэж. Тэгсэн арай л биш юм аа. Ёстой тийм ойголт байхгүй юм. Учир нь тэд бүгд дэлхийн жишиг боловсролын тогтолцоотой улсад суралцдаг юм байна. Би энэ үгээр Монгол муу байна гэх гээд байгаа юм биш шүү. (Тэгээд уншчихаад л сүржигнээд уурлаад байв. Би ч гэсэн Монголын бүтээгдэхүүн) Нээрээ арга ч үгүй юм даа. Юу ч бодхов дээ. Харин бидний жижиг орны иргэд л тэр сургуулиудын давуу талуудыг их олж харсан байдаг юм байна. Дээр нь юм үзэж нүд тайлах гэсэн хүсэлдээ хөтлөгдөж мөрөөдөх юм. Даанч бид бүгдээрээ очиж сурч чадахгүй нь харамсалтай. Саяхан би нэг таньдаг хүнтэйгээ чатлаж байсан чинь намайг хэмх доош нь хийсэн. Учир нь намайг юм үзэж нүд тайлаагүй Монголд боловсрол эзэмшчихээд олон юм ярилаа гэж. Үгүй ээ. Сонин юм аа. Яагаад заавал гадаадад сурсан нь шинээр сэтгэдэг, гадаадад сурсан нь өндөр цалин авдаг гэсэн ойлголт нийгэмд байна. аа.
Би бол хэзээ ч санал нийлэхгүй юм байна билээ. Гэхдээ би нэг их юм мэдэхгүй гэдгээ бол сайн мэднэ. Харин надад нэг асуулт тэр үед төрж байлаа. Нээрээ олон улсаар аялаагүй, тэнд сураагүй хүн ч яаж ч их зүйл хийхэв дээ гэж бодож байлаа. Харин дараа нь бодоод байсан чинь арай л биш юм аа. Тэр их мэдэгчид тэгээд яагаад эх орондоо ирэхгүй, ирхээрээ мяалаад буцаад байгаа юм бэ? Тэр олон сурч ажиллаж байгаа олон залуусын дотор жинхэнэ өөрийнхөө хүчээр явж байгаа нь олон. Бас татвар төлөгчдийн мөнгөөр жаргадаг нь олон. Өөрөө гүрийж байгаад явсан нь хагас жил сураад амьдрахын эрхэнд хар ажил хийнэ. Дотроо бол за нэг жил ажиллаад суръя гэж хүснэ. Харин нэг мэдхэд таван жил өнгөрсөн байна. Үгүй яахав ямар ч л гэсэн bullshit-тэйгээ л болно. Монголд байгаа аав, ээж, ах, эгч нар нь бүгд л их зүйл бодож сууна. Аа яа яа.
Татвар төлөгчдийн мөнгөөр тоглогчид бол харин ч нэг үзүүлээд өгнө штээ. Сурна ч гэж. Сайн сурдаг гэжээлээ хэ хэ. Ёстой сайн суралцдаг гэжээлээ. хэ хэ. Миний нэг танил байдаг юм. Аав нь гэнэт л баяжсан. 2000 онд. Ху намын гишүүн байсан. Одоо ч баян л даа. Хүү нь тэгсэн Америк явсан. 4 жил явсан даа. Ирээд одоо тоноглосон машин унаад л хамгийн хортой, үнэтэй тамхи татаад л явж байх юм. Хааяа уулзахаар ичдэг юм уу яадаг юм учир нь ойлгогдохгүй олон төсөл ярина. Бодвол мундаг л ажил байх. Би ямар мэдэх биш дээ. Хэ хэ.
Жинхэнээрээ сайн сураад төгсөж байгаа олон залуус байна. Харин тэд энэ орондоо ирээд ажиллахад өөртөө оруулсан тэр хөрөнгө оруулалтаа нөхөх гэж мөн ч олон жил гүрийнэ. Ингэсээр байтал нөгөө нэг сайхан эрч нь буурах нь даанч харамсмаар. Ингээд л бусдын л адил шар нар, бор өдрийг өнгөрөөх юм даа.
Үгүй ээ эргээд нэг харлаа. Би өөрийнхөө бичсэн хэсгийг. Болох юм нэгийг ч бичээгүй байх юм. Би дандаа яахлаараа өөдрөг бус юм бичдэг болчихвоо. Хэсэг бодлоо. Болохгүй л байна гэсэн үг юм уу даа. Нийгэм нь тэр чигтээ. Бидэнд хэрвээ бусадтай ижил дуртай улсдаа очоод сурчихдаг санхүүгийн боломж байсан бол юу гэж ч ийм байхав дээ. Ядаж байхад мөнгө нь байхад хардаад виз өгөхгүй, харин мөнгөгүй болхоор санхүүгийн асуудалтай гээд гарахгүй. Ёстой л нөгөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л болох юм даа.
Би үзэн ядаж байна. Бусдын жишгээр амьдармаар байна. Яагаад бид гэртээ идэх хоолгүй байж байгаа хэдийгээ баранд барж архинд өгдөг. Яагаад бид хэлэх цагт нь хэлэхгүй хэрнээ зөвхөн уухлаараа л цээжээ дэлддэг юм бэ? Яагаад бид нийгмийнхээ амьдралд идэвхгүй хэрэглэгчид болж хувирваа.
Баялаг бүтээдгээрээ омогшдог баян монголын баян иргэн байж болохгүй байгаа юм бэ?
Жич: Өөрийнхөө хөдөлмөрөөр үр хүүхдээ сургаж байгаа аав, ээжүүдийн хүүхдүүдэд энэ бичлэг хамаарахгүй болно. Харин луйварчдын хүүхдүүдэд бол хамаарана.
JD (Найруулаггүй тэмдэглэл)

Saturday, June 7, 2008

За ёстой мэдэх юм алга аа. . .

Энэ жилийн сонгууль ч миний харж байгаагаар бол нилээн нууцлаг хэлбэрийг агуулсан зэвүүн сонгууль болж байна аа. (Энэ хуулийн буруу юу эсвэл . . .)Гудамжний самбар, энд тэнд гаргасан зурагт хуудаснууд, зурагтийн элдэв шалдав нэвтрүүлэг энэ тэрийг бол оруулаагүй штээ. Аравдугаар хороололд гаргасан Форум-ийн хөтлөгч асан Энхболдийн зурагт самбарийг харлаа. Бас л цаад чинь фото юм аа. (Инээв) Шийдэл нь их таалагдлаа. Тэр нөгөө Иргэний эвсэлийн эх орноо цэвэрлье гээд байгаа уриаг ерөөсөө ойлгосонгүй та минь ээ. Хэрвээ дэмждэг, мэддэг хүн байвал нэг тайлбарлаад өгөөрэй. Хэнээс цэвэрлэх гээд байгааг нь тодруулмаар санагдах юм. Хааяа бодохлоор намайг ч хэлээд байгаа юм шиг. За мэдэх юм алга аа.
Хувьсгалт нам ч ёстой нг ярих юмгүй болоо юу даа л гэж санагдах юм. Нэвтрүүлэг гарсан чинь Баяр дарга л гар байна. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг л санагдлаа. Ёстой нэг авч өгч байна билээ. Тэр амлалтууд нь өлөн хүнд, хөрөнггүй над мэт шиг хүнд бол сайхан санагдаж байна билээ. Нээрээ өгвөл яасан гоё вэ гэмээр л харагдаж байсан. Гол нь хаанаасаа тэр мөнгийг гаргаж ирэх гээд байгааг нь ерөөсөө ойлгохүй байна оо. Ёстой мэдэхюм алга аа. Бушуухан сонгууль нь болоод энд нь ч хамаагүй өгөөд дуусгах юмсан гэж бодож байгаа олон хүнтэ таарах юм. Ийм бодолтой олон хүн байвал ирэх дөрвөн жил дахиад л зовох байх даа. За ёстой мэдэх юм алга аа.
Ардчилсан нам 10 зөв бодлогоо гаргажээ. Харин ч нэг таалагдлаа шүү. (Сайндаа ч биш цаад чинь А нам штээ. Гэхдээ хүнд битгий хэлээрэй. Ху нам ялчуул ажилд авахгүй байж магад ха ха ха ха) Гэхдээ зарим нэгэн алдаатай зүйл байна аа. Гэхдээ л сайн болсон байна билээ. Гол нь олуулаа ялаасайдаа л гэж бодох юм. Гэхдээ ялах эсэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. За ёстой мэдэх юм алга аа.
Ёооё сүүлдээ ингээд бичээд байсан чинь өөрийгөө ч мэдэхгүй юм байна штээ. Би нээрээ яаж амьдрах юм болоо. Миний ирээдүй юу болох гээд байна аа. Яаж нэг байр авна аа. Яавал нэг сайн ажилд сайн цалин авч ажиллах вэ? За ёстой мэдэх юм алга аа.
JD