Sunday, May 4, 2008

Морьд эргэлээ. . .

Сүрэн өглөө эртлэн босож хамгийн гоё, өнгөтэй, өөдтэй гэснээ өмсөн гэрээс гарцгаана. Учир нь өнөөдөр дөрвөн жилд нэг удаа болдог улсын наадам болно. Энэ жил улсын хэмжээнд нийт 380 орчим морь уралдаж байгаа сурагтай. Ээ мөн нижгэр наадам болох нь ээ. Гэхдээ наадамд морь уясан хэдхэн гал байгаа. Хэний морьд өнгөлж ирэх нь өнөөдөр орой л мэдэгдэнэ. Манай аймагт уралдаж байгаа хэд аль хэдийнээс эхлэн өөрсдийн уралдах зам, байгаль орчноо судлан нилээд их ажилласан. Зарим нэгэн уралдаж сурсан хөгшин морьд ч яахав угаас уралдаж сураагүй биш, ямар замаа мэдэхгүй гэх зовлон байх биш. Хэдэн шинэ морьд гаднаас ирж уралдаж байгаа сураг байна билээ. Нилээн холын угшилтай. Нутгийн морь шинжээчид хэлэхнээ нэг их сайн давхихгүй байх холын бяр их муутай, уралдах замаа мэдэхгүй, уяач нь шинэ гэх мэтчилэн хуучлах юм. Дөрвөн жилд нэг болдог наадмийг ч хэлэх үү Дарьгангийн "Алтан овоо"-ны тахилгаас ч сүртэй болдог. Манай нутгийнхан уул нь их сайхан сэтгэлтэй улс л даа. Тэр жил бас нэг том наадам болход холын нэг морь их л тамир муутай байсан. Гэхдээ л тэр адуу л юм гэсэндээ шийр зааж барианд лав нилээн ширүүн орж ирсэн. Нутгийнхан өрөвдөөд түүнд түрүү байрыг нь өгч байгаа харагдсан. Би яахав тэр үед нь хонины ээлжтэй таараад тэр наадмыг үзэж чадаагүй л дээ. Гэхдээ тэр өрөвдөж түрүүлгэсэн морь дараа жилээс нь эхлээд өөр газар уралдаад байна гэж сонсогдсон. Нутгийн хуучцуул л үглээд байсан. Өрөвдөхөөр өрлүү өшиглөх юм гээд л. Хэ хэ.

Харин энэ жилийн наадамд ёстой нэг занаж байгаад очиж үзэх санаатай явж байгаа нь энэ. Ийнхүү Сүрэн хүү бодсоор явтал нэг мэдхэд сумын төвийн ойролцоо хэдий нь иржээ. Сумын төв ойртох тусам ойрд төв газар очоогүйгээ санагалзан сэтгэл гэгэлзэнэ. Очоод л шууд ангийнхаа хэдтэй уулзана аа. Ямар ч байсан өнгөрсөн жил нэг уулзахдаа жаахан эвгүй салсан. Уучлал гуйх л ажил байна. Сумын төвөөр дүүрэн сайхан машинууд байх юм. Бодвол нөгөө их уяачдын машин л юм байхдаа. Уяач бүр өөр өөрийн өнгө төрх бүхий туг намируулсан машинтай байх юм. Юм ч нилээн нарийсч байгаан байна даа. Аан. (Ийнхүү явсаар сумын төврүү орж явлаа)

Ойрын хэд хоног суманд байдаг ах хүү архи уугаад гэртээ ирэхгүй байгаа сурагтай. Чих тавин сонсвол хэсэг уяачидтай нийлээд уралдах морины ажил хийгээд орой нь сархад зооглоод гэрийн бараа харахгүй байгаа сурагтай. Энэ наадамд тэр жил түрүүлсэн хурдан морьд дахин уралдахаар ирсэн сураг гарна билээ. Би ч гэхдээ тэднийг энэ жил өнгөлнө ч гэж санахгүй байна. Учир нь тэр жилийнхийг бодвол нилээн таргалсан харагдана билээ. Уул нь хөлс сайн аваад, ажил сайн хийсэн бол холын уралдаанд нилээн явах байсан байх. Аав ч гэсэн хэлж байна билээ. Уул нь овоо явах хүлэг байна гэсэн чинь биш л болсон байна гэжээлээ.

Сумын төвөөр сүүлийн үеийн хар өнгийн Ланд 200 хэмээх сайхан хүлгүүд давхилдаад л. Морьд ирэхийг хүлээнэ. Ийнхүү сумын төвд амьдрал ид бужигнаж байхад морьд хэдий нь эргэжээ. За хэний уясан морь өнгөлж наадамчин олон биднийгээ баясгах юм бол доо. Уул нь аавийн үзээд байсан нэг сайхан морь яваа юмсан. Уул нь ч удам сайтай, сайхан зөв давхилтай, тарга тэвээрэг нь таарсан байгаа харагдсан.

За тэр нөгөө хэд нь ч яах вэ. Угаасаа уралдах болгондоо энд тэндхийн үнэтэй тариа хийлгэж хүчээ сэлбэдэг юм гэсэн. Тэгээд ч ямар зөв уралдаж чадах биш. Юм л бол замаа товчлоно. Зарим газар машинаар ачуулж хулхидана. Ер нь л заваар ч өгнө дөө. Уул нь бүгд барианаас зэрэг гараад зөв уралдаад сурчих юм бол их л хэрэгтэй байх юм даа. Ядаж л наадамчин олон бид чинь нэг өдөр ч гэсэн сайхан баярлана шүү дээ. Хэ хэ.

JD

No comments: