Monday, September 29, 2008

За байз тэд юу хийлээ. . . Аан хийсийн байна. . .

-Сонгох, эс сонгох эсэх нь таны эрх ч гэлээ ч та хотын хорт агаарт бөгшүүлэн, гэрийнхээ хаяанд хөглөрөх хогтой хөршлөн, шил шилээ даран сүндэрлэх төөрдөг байшингаар аялж, энхэл донхол замаар хараал урсган түгжрэн зогсохыг хүсвэл “үерхэлдээ үнэнч” байгаарай-

Сонгох, сонгогдох эрхтэй болсоор нийслэлчүүд нэлээд хугацааг ардаа үдлээ. Иргэдийн сонголтыг тээн эрх барьж байсан нийслэлийн удирдлагууд хотыг хэрхэн хөгжүүлэв. Улстөржсөн өнгө аястай сонсогдож байвал эгэл асуулт. Таны бодлоор Монгол Улсын ганцхан хот болон нийслэл Улаанбаатар хэрхэн хөгжиж байна?! Хэн нэгэн даргаас бус үүнийг уншигч нийслэлийн иргэн танаас асууя.
Олон давхар өндөр байшин барьж, өдрөөс өдөрт өнгө үзэмж нь сайжирч байна гэх дарга нарын жижүүрийн хариултыг хойш тавья. Өвлийн утаанд уушгаа утуулж, энхэл донхол замаар машиныхаа амортизатороо эвдсэн, хог нь хийсч нүүрэнд наалдчихдаг гудамжтай, нийтийн тээвэр суугаад хувцсаа халтартуулж, хоёр буудал газарт хорин минут, хоёр цаг явж байж хүрдэг замын түгжрэлийг бодохоор үзэн ядах сэтгэл өөрийнх эрхгүй төрнө.
1992 оноос бидний сонгосон, тэдний томилсон нийслэлийн удирдлагууд юу хийв. Амьдралд ахиц гарав уу.

Эхний сонголт буюу 1992-1996 он
МАХН ялалт байгуулав. Л.Энхбиш хотын мэрээс татгалзаж Ц.Баасанжав нийслэлийг удирдах болов. Хувийн хэвшлийн салбар дөнгөж үүсч, дэлгүүрийн лангуун дээр хөх давс, гоймон хоёроос өөр зүйл байдаггүй байсныг хэн хүнгүй хэлүүлэлтгүй мэднэ. Тэрбээр энэ үед хувьчлагдсан хүнсний дэлгүүрүүд найман нэр төрлийн бараа заавал зарах ёстой гэсэн захирамжийг үзэглэв.
Нийтийн тээвэрт явж байсан автобусууд жагсаалаас гарч, энэ салбар уналтад оров. Гэтэл Ц.Баасанжав өрсөлдөөнийг бий болгох үүднээс хувийн хэвшлийнхнийг энэ салбарт татан оролцуулав. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, олон хүн амьжиргааны эх үүсвэртэй болсон сайн талтай ч сүүдэртэй тал нь түүнээс дутахааргүй байв. Автобус компаниудад хөрөнгө оруулалт хийж, хуучирсан техникийг бага багаар шинэчлэх боломжтой байсан ч микро автобусыг нийтийн тээвэрт үйлчлэх зөвшөөрөл олгосон нь дампуурлын ирмэгт тулсан автобус компаниудын орлого микроавтобус руу чиглэж, дахин сэхэл авалгүйгээр бүрмөсөн сөхрүүлэхэд хүргэжээ. МАХН-ын нийслэлийн эрхийг барьж байсан эхний жил өрхийн сарын дундаж орлого 5158 төгрөг байсан бол зарлага нь 5468 төгрөг болж, иргэдийн орлого зарлагаасаа илүү гарах боломжгүй хэвээр байв. Энэ үеэр автобус компаниуд орлого бус зарлага гаргах болж, төсвийн мөнгөнөөс шимэгч болон хувирсан байна.

Дараагийн сонголт буюу 1996-2000 он
Нийслэлчүүдийн сонголт дахин МАХН руу чиглэв. Хэдийгээр энэ хугацаанд төрийн эрхийг Ардчилсан холбоо эсвэл барьж байсан ч нийслэлийг МАХН барьсан хэвээр байв. Тиймээс хотын мэр байсан Ц.Баасанжавыг нийслэлийн “парламент”-ын даргад дэвшүүлж, түүний оронд тухайн үеийн нийслэлийн Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны дарга байсан Ж.Наранцацралтыг хотын мэрт томилов. Энэ үед санхүүгийн хувьд хараат байсан нийслэлийг бие даалгасан нь Ж.Наранцацралтын томоохон шийдвэр гаргасан анхны алхам байв. Энэ шийдвэр нь тухайн үед 16 тэрбум төгрөгийн орлоготой байсан хотын төсвийг хоёр жилийн дараа 32 тэрбумаар тоологдоход хүргэж, хоёр дахин өсчээ. Хэдийгээр гадаад харилцаа хөгжиж Япон, Хятад, Өмнөд Солонгос, АНУ, Канад, Герман зэрэг улсын муж, хотуудтай харилцаа тогтоосон ч ядуурлын индекс 1996 онд 12,5, 1997 онд 18,5, 1998 онд урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч 34,1 хувь болов. Ядуурлын эсрэг 1996-1998 онд 55,2-180,2 сая төгрөгийг зарцуулж байсан ямар ч үр дүнгүй арга хэмжээ болжээ.
1998 онд хотын мэр Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдож М.Энхболд нийслэлийн Засаг дарга болсноор хотын удирдлагыг МАХН мэдэлдээ оруулав. Энэ хугацаанд нийслэлийн хүн ам байнга өсч 760 мянгад хүрчээ. Харин хөрөнгө оруулалт 60231,9 сая төгрөг болж өсчээ. Гэсэн ч ажилгүйдлийн тоо буурсангүй. Харин 145,1 мянган өрхийн 43,5 хувийг ядуу өрх эзлэх болов. Харин ядууст зарцуулах хөрөнгийн хэмжээ мөн л 574,5 саяд хүрсэн байна. Үүнийг ядуусын тоо ихэссэн учраас ийм хэмжээний мөнгө зарцуулсан гэж үзвэл том эндүүрэл болно. Энэ жил нийгмийн халамжийн үйлчилгээнд өмнөх оноосоо ч цөөхөн хүн хамрагдсан байх юм. Ядуурал ийнхүү дээд цэгтээ хүрсэн нь ажилгүйдлийг бий болгосны зэрэгцээ, архидалт, биеэ үнэлэх явдал газар авахад нөлөөлжээ. Ганцхан жишээ хэлэхэд, 1999 онд гэхэд 70,5 мянган хүн эрүүлжүүлэгдэж байсан тухай нийслэлийн Статистикийн газраас гаргасан тоо байх юм. Энэхүү тогтворгүй байдал нийгэмд нөлөөлснөөр гэр бүл салалт олширч, түүний улмаас хараа хяналтгүй хүүхэд буюу “траншейны” гэсэн шинэ тодотголтой хүүхэд мянга орчимд хүрчээ. Иргэдийн хувьд хүндхэн байсан энэ үеэс эхлээд хотын хүн амын өсөлттэй уялдуулан ерөнхий төлөвлөгөөг гаргасан ч бүтэлгүйтэв.

Гурав дахь сонголт буюу 2000-2004
Мөн л МАХН. М.Энхболд улиран сонгогдсон энэ дөрвөн жилийг нийслэлийн хот төлөвлөлтийн бодлого бүрмөсөн алдагдаж, газар олголтод “зөвхөн мөнгөтэй хүнд үйлчилнэ” гэсэн зарчим тогтлоо.
Нийслэлийн эрх баригчид хотын ерөнхий төлөвлөгөөнд цэцэрлэгт хүрээлэн, зам, талбай, эмнэлэг, сургууль барих ёстой газрыг өөр зориулалтаар хувийн хэвшлийнхэнд олгож, газрын наймаа гаарсан. Нийслэлийн ИТХ-ын даргаар Н.Болормаа, Засаг даргаар М.Энхболд нар ажиллаж байх үед ердөө ч зохион байгуулалтгүй газар олгосноос нийслэлийн төвийн замыг өргөсгөх боломжгүй болж, түүнийг дагаад замын түгжрэлийг шийдэх боломжгүй болсон гэдгийг анхаарах хэрэгтэй.
Нийслэлчүүдийн эрүүл мэндийн байдал ч дордож, хоол хүнсний бүтээгдэхүүнээс үүдсэн халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өсч 2001 он гэхэд халдварт өвчнөөр 25 мянга 172 хүн өвчилжээ. Нийслэл хот өргөжихийн хэрээр гэмт хэрэг, садар самуун, архидалтын уурхай болсоныг ч статистик үзүүлэлтээс бас л харж болно. Баар, цэнгээний газрын тоо эрс нэмэгдсэнээр архидалтаас гадна биеэ үнэлэлт газар авч түүнээс үүдэн зөвхөн тэмбүү өвчнөөр гэхэд л 600 өвчилсөн байна. Гэхдээ энэ тоо зөвхөн төрийн өмчийн эмнэлэгт хандагсдын тоо гэдгийг анхаарах хэрэгтэй.

Дөрөв дэх сонголт буюу 2004-2008
МАХН хэвээр, М.Энхболд ч хэвээр. 2004 оны орон нутгийн сонгуулиар МАХН нийслэлийн ИТХ-д 37 суудал авч үнэмлэхүй олонх болов. Байдал дээрдсэнгүй. Дээр дурдсан үзүүлэлтүүд буурах биш өсөв.
Хот хогондоо дарагдаж, устгасан гэхээсээ илүүтэй байгаа хогоо тоолдог болов. Агаарын бохирдол хэрээс хэтэрч, уушиг нь цоорхой хүүхэд төрж, амьсгалын замын халварт өвчнөөр өвчлөгсдийн тоо урьд өмнө байгаагүйгээр өсөв. Нийслэлийн дундаж өрхийн орлого 2007 оны байдлаар 284 мянгад хүрсэн ч зарлага нь түүнээс хол давж 318 мянгад хүрчээ. Зохион байгуулалтгүй газар олгосноор өдрөөс өдөрт тэлж буй хот цахилгаан, дулаанаа хангаж чадахгүйд хүрч, чанаргүй орон сууцны тоо нэмэгдэж байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандсаар байна. Харин хотын удирдлагууд энэхүү бухимдлаас үүдэн тавь дахь эх үүсвэр бий болгох арга зам хайсаар байгаа ч өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байсаар байна.

Тав дахь сонголт ямар байхыг та шийднэ
Энэ мэтээр МАХН-ын мэдэлд байсан нийслэл өнгөрсөн хугацаанд цаасан дээр буулгасан төлөвлөгөө нь хэрэгжих боломжгүй, иргэдийн эрүүл мэнд, эрүүл ахуйн үндсэн үзүүлэлт доогуур, агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүртэл дээд цэгтээ хүрсэн хот болжээ. Ингээд бодохоор эхэнд асуусанчлан хөгжиж байна гэж хэлж чадах уу, иргэн та. Удахгүй болох орон нутгийн сонгуульд МАХН эрх мэдлээ өөртөө үлдээхээр “Шинэ Улаанбаатарын хөгжлийн төлөө” гэсэн уриатай оролцохоор болоод байгаа. Сонгох, эс сонгох эсэх нь таны эрх юм хойно. 20 жил удирдах эрхийг олгох эсэх нь таны дур. Сонголтыг хүндэтгэх нь ардчиллын зарчим. Гэлээ ч та хотын хорт агаарт бөгшүүлэн, гэрийнхээ хаяанд хөглөрөх хогтой хөршлөн, шил шилээ даран сүндэрлэх төөрдөг байшингаар аялж, энхэл донхол замаар хараал урсган түгжрэн зогсохыг хүсвэл “үерхэлдээ үнэнч” байгаарай.

JD

No comments: