Tuesday, June 24, 2008

Миний тавьсан илтгэл

БАЯН МОНГОЛЫН БАЯН ИРГЭН БАЙХ
ЭРХ БИДНИЙ ЗӨВ СОНГОЛТООР БИЕЛЭНЭ

Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн амгаланг айлтгая!
Бид өнөөдөр хэрхэн амьдарч байгаагаас илтгэлээ эхэлье. Өнөөдөр дэлхийн хамгийн дайчин, аугаа хэмээн шагшигддаг байсан Монголчууд бид Дэлхийн улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд явж байгааг та бид сайн мэдэж байгаа билээ. Олон улсын Валютын сангийн 2007 оны судалгаагаар нэг Монгол хүнд ноогдох орлогоороо бид 1486 ам.доллараар дэлхийн 200 гаруй улсаас 121 дугаарт орж байна. Энэ жагсаалтыг Люксембург улс 104600 ам.доллараар тэргүүлсэн нь биднээс даруй 70 дахин илүү орлоготой ард түмэнтэй гэсэн дүн гарч байна. Бидний хаант засагтай хэмээн жийрхэцгээгээд байдаг Катар усын иргэд ч энэ тоогоороо биднээс 50 дахин илүү байна.

Гэтэл бид ийм жаахан орлогынхоо 42.2 хувийг хүнсээ худалдаж авахад л зориулж байна. Тэгвэл бид юугаараа хувцасаа худалдаж авч өмсөж, юугаараа унаандаа сууж, үр хүүхдийнхээ боловсролд аль хэсгийг нь зориулах билээ. Энэ тухай та бодож байсан уу? Магадгүй таны амьдрал хийж байгаа ажил, албан тушаалаас чинь болоод боломжийн байгаа байж болох ч хангалттай амьдралтай, үнийн мэдрэмжгүй иргэдийн тоо өнөөдрийн байдлаар хараахан их биш ээ. Дээрх хэдхэн тоо бидэнд дийлэнх Монголчуудын амьдралын үнэн бас бодит дүр зургийг харуулж байна. Үүнийг ч мөн адил 2007 оны судалгаагаар нийт хүн амын 50% нь ядуу гэсэн хэсэгт орсон нь харуулж байна.

Улс нь баян атлаа иргэн нь хоосон ядуу үлдсэн орны жишээг бид африкаас, латин мерикаас эрж ярьж байна. Үнэн хэрэгтээ ийм жишээний нэг бид өөрснөө биш гэж үү?
Миний Монгол орон газрын хэвлийдээ хамгийн их баялагтай орон юм аа.
Тянь Шаны гэгдэх зэсийн аварга судлын нэг үзүүр Монголын Эрдэнэтээр нөгөө үзүүр Оюу толгойгоор цухалзаж байна

Зэсийн тогтоогдсон нөөцөөрөө Монголчууд бид дэлхийд хоёрт багтлаа.

Өнөөдөр “Арабын хойг нэфьтээрээ гайхуулна. Азийн монгол нүүрсээрээ гайхуулна” гэж дэлхий дахин шуугих боллоо. Одоо нээгдээд байгаа нефьтийн ордоороо Монгол улс олны анхаарлыг өөртөө татжээ.

Монгол нутагт нэгэнт тогтоогдсон ашигт малтмалын 54 томоохон орд байна. Зэс, нүүрс, алт, мөнгө, уран, төмөр, цайр гээд манайх олон төрлийн баялагтай. Энд байгаа нөөц нь хамгийн багаар бодоход нэг триллион буюу нэгэн их наяд ам доллар болж байна. Монголчууд бидний практикт хэзээч хэрэглэж байгаагүй том тоог эх орны минь баялаг хэрэглээнд оруулж өглөө.

Бид ийм тоогоор хэмжих мөнгөтэй ч байж үзээгүй, малтай ч байж үзээгүй юм аа.

Дэлхийн зах зээл дээр бидний баялагийн үнэ сараар бус өдөр цагаар үнэд орж байна. Биднийг энд баялагаа ашиглах тухай, иргэд нь ашгийг нь хүртэх ёстой тухай ярьж суухад 1 тонн коксжих нүүрс 129 ам доллараар зарагдаж байна.
Зэсийн үнэ сүүлийн арван жилд 4 дахин өслөө.
Нүүрсний үнэ 6 дахин өслөө.
Төмрийн үнэ 3 дахин өслөө
Алтны үнэ 5 дахин өслөө. Дэлхийн хүн амын хэрэгцээ жам ёсоор өсч байгаа энэ үед үнэ ч улам өсөх нь гарцаагүй ээ.

Монголчууд бид амьжиргааны түвшингээр эхний аравт байтугай, эхний зуу-д харагдахгүй байна. Гэтэл Монгол нь баян байхад монголчууд нь яагаад ядуу байна вэ? Эх орон нь баялагтай байхад эзэн нь яагаад зүдүү байна вэ?

Бидэнд энэ бүхнийг шийдэх шийдэл хэрэгтэй байсан. Өнгөрсөн жилүүдэд улс төрчид, судлаачид энэ шийдлийг хайсаар л байсан. Ямар шийдэл байж болох вэ? Яаж баялагаасаа иргэдээ хүртээх вэ гээд л. Харин тэдний хайж олоогүй шийдлийг Лувсанвандангийн Болд санаачилж, судалгааг нь олон жил хийж “Баян монгол” төслийг боловсруулсан. Энэ төсөл Монгол хүнийг улс шигээ баян, монгол айлыг эх орон шигээ хүчирхэг болгохоор боловсруулагдсан төсөл юм аа.
Одоогоос хэдхэн хоногийн өмнө УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшигч Лувсанвандангийн Болдын санаачилсан “Баян Монгол” корпорацийн төслийг бид дэмжиж хөдөлгөөн өрнүүлсэн. Гэтэл өнөөдөр энэ хөдөлгөөн дан ганц Болд гэдэг хүний асуудал бус Монгол улсын иргэн бүрийн анхаарал хандуулсан асуудал болон хувирлаа. Даруй бид 21 аймаг 9 дүүрэг албан ёсныхоо салбарыг нээлээ. Бид иргэн бүрийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Энэ гарын үсгүүд бол тухайн иргэний дэмжиж байгаагийн хамгийн гол илэрхийлэл байсан. Гарын үсгийнхээ тоог анх нэг сая гэж тавьчихаад яаж цуглуулана даа гэж бодож байсан. Гэтэл тэр ажил минь өнөөдөр дал гаруй хувьтай буюу 760 мянга гаруй гарын үсэг цуглажээ.

Тийм ээ. Үүнийг Монголынхоо төлөө зүрх нь цохилдог хүн бүр дэмжиж байна. Бид энэ гарын үсгийг худалдаж аваагүй ээ. Бид энэ гарын үсгүүдийг гуйж аваагүй ээ. Харин бидний төслийг тэд дэмжсэн юм аа. Хэдхэн хоногийн өмнө Америкаас нэгэн надруу бүсгүй залгасан. Тэр бидний тухай мэдээллийн интернэтээс олж уншаад гадаадад байгаа Монгол иргэд яаж дэмжих вэ? Би гарын үсгээ нэмэрлэмээр байгаа тухайгаа ч илэрхийлж байсан.
Энэ төсөл олон жилийн судалгаан дээр үндэслэгдсэн хэрэгжих бүх нөхцөлийг тусгасан байсан. Энэ төсөл стратегийн гэж нэрлэгдэх 54 ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж Дэлхийн зах зээлд борлуулах. Харин энэ төслөөс олох ашгийг Айвенхоу Майнзийн Фрийдланд, Алтан Дорнодын Паушок биш биш харин энэ орны эзэд нь хүртэх тэр боломжийг гаргасан юм аа. Бид НОКИА гэдэг утсыг маш мэддэг. Гэтэл тэр НОКИА гэдэг утсыг Монголын дундаж орлогтой иргэн дунд зэргийн утсыг нь 2 сарын цалингаараа авдаг. Тэгвэл тэр зовж цуглуулсан цалингаараа утас авхад тэрнээс олох ашгийг нь НОКИА корпорацийн хувьцаа эзэмшигч авч байдаг. Тэгвэл бид яг энэ жишээ буюу бидний баялаг Дэлхийн зах зээл дээр борлогдоход борлуулалтаас олсон ашгийг Бат, Дорж, Дулмаа би, чи, бид хүртдэг тэр зүйлийн төлөө явж байгаа юм аа.

Өнөөдөр бидний хөдөлгөөний зорилго бол маш энгийн энэ шийдвэрийг гаргуулахын төлөө зорьсон юм аа. Бид бороо орсны дараа цувуу өмсөх бус бороотой уралдаж цуваа бэлдэх хэрэгтэй. Бид 4 жилд нэг удаа Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг. Бид тун удахгүй энэ сонголтоо хийх гэж байна. Бидний хувьд энэ сонголт бол хувь заяаны сонголт гэж нэрлэмээр. Учир нь түүхэндээ Монголын түүхийг жаран жарнаар хэмждэг. Бид хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэж ярьцгаадаг. Тэгвэл бид хувьтай учраас хулгана жилийг үзсэн. Бид энэ жил шинэ жарны эхлэл дээр ирсэн. Бидний хийсэн зөв сонголт Монгол хүн бүрийг ирээдүйдээ үлдээх хөрөнгөтэй, эргээд дурсах гайхамшигт дурсамжаар дүүрэн түүх, их нэр хүндийг авч ирнэ.

Бидний энэ шийдвэр иргэн бүрт 361 ширхэг хувьцаа буюу 36100 ам долларын хөрөнгө болон очиж жил бүр ноогдол ашиг авах юм аа. Энэ бодит хөрөнгө оруулалт өрх бүрийг ноогдол ашгаа нийлүүлж эхний өрхийн бизнесээ эхлэх боломжийг бүрдүүлж өгөх бөгөөд анхны ноогдол ашгаар гэргүй нь гэртэй болж, гэртэй нь бизнестэй болж, залуус сургуульд сурах төлбөртөө санаа зовхоо болино. Монголын төр хүнээ тоолохдоо хөрөнгө зардаг байсан бол Монгол хүн төрдөө тоолуулах гэж жагсдаг болно. Мөнгөтэй хүн хэзээ ч гар хумхин зүгээр суудаггүй юм аа.

Бид шинэ ЗГ, шинэ УИХ-ын хамгийн түрүүний хийх ажил нь “Баян Монгол” корпорацийн төсөл байх болно гэж уриалж, тэмцэж байна. Мэдээж энэ шийдвэрийг улс төрд суудал бүхий хууль санаачлах эрх бүхий гишүүдээр дамжуулан санаачлуулж, тэднээр дэмжүүлэх асуудал бол хамгийн чухал. Тэр утгаараа бид энэ бүхнийг дангаараа хийх бус хамтын хүчээр түүний дотор зөв бодлогоо тодорхойлоод байгаа зөв сонголтыг хийхийг уриалаад байгаа ардчилсан намтай хамтран хийхээр болоод байгаагаа та бүхэндээ тунхаглан зарлаж байгаадаа баяртай байна. Ардчилсан нам ард түмнээсээ асуусан 10 зөв бодлогдоо бидний “Баян Монгол” санаачлагийг бүрэн дэмжинэ гэж оруулсан.

Ардчилсан намын Эрдэнийн хувийн гаргалгаа буюу иргэддээ баялагийнхаа хувийг хүртээх хэлбэр нь “Баян Монгол” корпораци байх болно. Ардчилсан нам иргэн бүрт нэг сая төгрөгийг Эрдэнийн хувь болгож өгөх шийдвэр гаргасан. Энэхүү 1000000 төгрөгийн хэмжээ нь гагцхүү гарааны хэмжээ л юм. Хөрөнгө оруулалт цаашдаа тогтвортой өссөөр ойрын 6 жилдээ 6 сая 800 мянга болно. Энэхүү тооцоо, хэмжээг хожуу ухаарч ойлгосон улс төрийн хүчин бас байна. Тэрээр ямар ч тооцоо, судалгаагүйгээр амандаа багтсан тоогоо иргэдийг татах явцуу зорилгоор ухуулан улайрч байгаа нь харамсмаар. Бидний энэхүү судалгаа нь та бидний Монгол хүн бүрийн хувьд хийх ёстой, иргэдээ баян чинээлэг болгоход чиглэсэн зөв ажлын нэг шүү дээ.

“Баян Монгол” төсөл хэрэгжсэнээр угаасаа эзэн нь байсан, байсаар ч ирсэн, одоо ч байгаа ард түмэндээ эцэг өвгөдөөс нь цусаа асгаруулан тэмцэж байж хадаглаж үлдсэн энэ их баялагийг нь буцаан өгөх юм аа. Бидний энэ их баялагийг өнөөдөр Айвенхоу Майнзийн Фрийдланд Дэлхийн зах зээл дээр гарган топ баячуудын эгнээнд шилжжээ. Алтан Дорнодын Паушок 34 сая төгрөгний татвараас зугтаж, МУ-ын ЗГ-ийг шүүхэд 450 сая ам доллар нэхэмжилж шүүхэд өгчээ. Тэр миний ухаж авах ёстой алтыг авхуулаагүй гэж уурсчээ. Бороо гоулд компани 40 тонн алтнаас 30 тоннийг нь аваад 170 тэр бум төгрөгний татварийн хөнгөлөлт эдэлжээ. Энэ их бидний нэг их сонсдоггүй тоогоор илэрхийлэгдэж байгаа хөрөнгө бидний юм уу, эсвэл тэднийх юм уу. Энэ бол асуулт юм аа. Тэд алтыг минь аваад авдрыг минь хаясан. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд байгаа Эрэлийн алтны үйлдвэрийн нөхөн сэргээлт хийгдээгүй олборлотын уршгаар тэнд байгаль сүйдэж байна. Тосон Заамар тоосон Заамар болжээ. Баянхонгор баян нутаг биш нүхэн нутаг боллоо. Бид үүнийг зөв уурхай, зөв ашиглалт гэх үү.

“Баян Монгол” төслийн хамгийн гол зүйл бол нөхөн сэргээлт байх болно. Өнөөдрийн, ирээдүйн Монгол улсад хэн амьдрах вэ? Бид, бидний үр хүүхэд амьдарна. Бид тэдэндээ юу үлдээх вэ? Бид алтыг нь аваад авдрыг нь хаягдагийн олон жишээний гэрчүүд байсан. Үүнийг та бид бэлхнээ мэднэ.

Харин бид Баян монголчууд баялагаа олборлоод байгалынхаа нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар хийх болно. Энэ бол бид ухаантайдаа. Ухаан орсондоо, ухаарсандаа өнөөдөр хэлж байгаа мэргэн санаа биш юм. Харин энэ бол манай ард түмний хэдэн зуунаасаа уламжлан ирсэн байгаль Дэлхийдээ ээлтэй зөв амьдрах ухаан билээ. Энэ бол бидний хийх нөхөн сэргээлтийн ажлаар илрэх болно. Бид байгальд хортой үйлдвэрийг бид хэзээ ажиллуулахгүй ээ. Бид баялагаа ухаж гаргасан сарны гадаргуу мэт газар хэзээ ч үлдээхгүй ээ. Энэ бол бидний үгээр нэг амлаж байгаа амлалт бус бидний үйл ажиллагааны хамгийн год зарчим байх ёстой. Бид баялагаа үйлдвэрлэн гаргахдаа зарцуулж байгаа хөрөнгөнөөсөө хэд дахин, хэдэн арав дахин илүү хөрөнгийг нөхөн сэргээлтэндээ зориулах болно. Үүнийгээ бид зүгээр нэг нөхөн сэргээлт гэж харж байгаа бус ирээдүйнхээ төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт, ирээдүйнхээ өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага гэж үзэж байгаа болохоор үйл ажиллагааныхаа зарчим байна хэмээн хатуу бодож байгаа юм. Авилгалтай төр байсан цагт энэ нөхөн сэргээлт хэзээ ч хийгдэхгүй ээ. Төр гэдэг нэрийн дор эрх мэдэл атгаж байгаа хэсэг бүлэг иргэдэд эрх мэдэл байсан цагт энэ авилгал хэзээ бас арилахгүй ээ. Харин эрх мэдлийг ард түмэнд нь бид шилжүүлснээр авилгал авах иргэн, авилгал өгөх иргэн ч байхгүй болно. Монголын 2 сая 600,000 иргэнийг тэд Авилгалдаж чадахгүй шүү дээ.

Энэ бүхний төлөө бид өнөөдөр зөв сонголт хийх ёстой. Энэ удаагийн улсын их хурлын сонгууль бол иргэн та бидэнд дөрвөн жил тутамд ганцы оногддог УИХ-ын гишүүдийг сонгож байгаа сонголт бус хувь заяагаа сонгож байгаа сонголт тул та бид, та бидний ах дүү нар, та бидний найз нөхөд, нийт монголчууд илүү хариуцлагатай, илүү анхааралтай, илүү зорилгтой оролцох ёстой юм. Үүний төлөө л бид энэ сонгуульд зөв сонголт хийж хувь заяагаа зөв сонгох хрэгтэй болж байна.

Тийм ч учраас бид зөв намтай нэгдэж байна.

Энэ хөтөлбөр бол монголын баялгийг монголчуудад өгснөөрөө харийн болоод элдэв зальтай хүний идэш болохоос хамгаалах хөтөлбөр мөн.
Энэ хөтөлбөр бол эзэнтэй юмыг эзэнд нь өгөх хөтөлбөр мөн.

Монгол хүн ингэж баяжих зам байна
Ингэхгүй бол энэ их баялаг харийн хүний гараар үрэгдэх гээд байна.
Ингэхгүй бол монголын баялаг монгол хүндээ наалдахгүй арилах гээд байна.
Ингэхгүй бол монголчууд ядуу хэвээрээ үлдэх гээд байна.

“Баян Монгол” корпораци эзэмшигч болгоноо баян болгоно. Бид цөмөөрөө баян болох учраас эрүүл мэнддээ, боловсролдоо илүү мөнгө зарж чадна.

Бид баян болох учраас илүү эрүүл, илүү боловсролтой болно.
Баян монголын баян монголчууд урт наслана. Удаан жаргана.

Би мөрөөдөж байна. Илтгэлээ би энэ аугаа үгээр төгсгөх гэсэн юм. Дэлхий дахинаа өнгөт арьстануудыг нойрноос нь сэрээсэн энэхүү аугаа үгээр, энэхүү аугаа үгийн санаагаар төгсгөж байна. Би мөрөөдөж байна. Баян монголчууд бид хэдхэн жилийн дараа, ахар богино хугацааны дараа Эрдэнэтээс олсон зэсээ шорооноос нь салгаад зараг биш, харин зэс утас хийдэг болно. Дэлхийд нэртэй брэндүүдийг гаргадаг баялаг бүтээгчид болно оо. Би мөрөөдөж байна. Энэ үгийг та бидэнд хүргэсэн хар арьстай залуу бид хоёр харагдах өнгө нь л өөр болхоос эх орноо гэсэн, элгэн түмнээ гэсэн үзэл санаа минь ижил юм. Тэр үед түүний мөрөөдөж байсан зүйл бол бүгд эрх тэгш болох байсан. Харин бид бүгд тэгш баян болж Баян Монголын Баян Монголчууд болох мөрөөдөл маань ижил байна. Би мөрөөдөж байна.

Монголчууд бид удахгүй Дэлхий дахинаа гайхагдсан баян чинээлэг, боловсролтой ард түмэн болно гэдэгт би итгэлтэй байна. Би үүнийг мөрөөдөж байна. Гэхдээ энэ бол удахгүй биелэх бодит мөрөөдөл байх болно.

Бид Чингис хаанаараа омогшдог. Гэтэл бидний омогшиж магтдаг тэр өвөг дээдэс минь өнөөдөр энэ их баялагийг бидэнд үлдээжээ. Бид Дэлхийн олон брэндийг мэднэ ээ. Гэхдээ би Монголын брэнд гэж сонсоогүй ээ. Харин бид хувь заяаны зөв сонголтоо хийснээр Дэлхийд бид Баян Монголын Баян, боловсролтой, баялаг бүтээгч тэр Монголыг би мөрөөдөж байна.

Бидний хөдөлгөөн Бидний мөрөөдөл биелэх тэр мөч хүртэл үргэлжлэх болно оо.

No comments: